Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр буурсан байна. Улмаар  Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөл боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох, бага орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг чөлөөлөх, тэтгэмжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрүүдийг он дуустал үргэлжлүүлэхээр тусгасан юм. Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй.

Харин төсвийн орлого нэмэгдүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан онцолж буй.

Мөн төсвийн хөрөнгийг хэмнэх чиглэлээр иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахимд шилжүүлэх, гэрээ байгуулаагүй болон үр ашиггүй төслүүдийг хасаж, он дамжих болон ажлын гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулах юм.

2020 онд нийт 2.1 их наяд төгрөгийн 1438 хөрөнгө оруулалтын ажил батлагдсан. Үүний 511 төсөл нь он дамжин хэрэгжих бол 916 төсөл нь шинээр хэрэгжих төслүүд юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 663.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, гүйцэтгэл 30.8 хувьтай байна.

Шинээр хэрэгжүүлэх 916 төсөл, арга хэмжээнээс 2020 оны долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 663 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулжээ. Үлдсэн 253 төсөл, арга хэмжээний гэрээг байгуулаагүй байна. Гэрээ байгуулсан 663 шинэ төсөл, арга хэмжээнд нийт 117.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх бүх төсөл, арга хэмжээнээс 2020 оны долдугаар сарын 23-ны байдлаар гэрээ байгуулаагүй 262 төсөл, арга хэмжээнээс халуун усны барилга, хорооны цогцолбор, багийн иргэний танхим, соёлын төв, Засаг даргын Тамгын газрын барилга, сумын хүндэтгэлийн өргөө, цэнгэлдэх хүрээлэн, нийтийн эзэмшлийн байруудын дулаалга, засвар, тохижилт, гэрэлтүүлэг болон зарим салбаруудын их засвар, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ зэрэг тэвчиж болох нийт 122 төсөл, арга хэмжээний 54 тэрбум төгрөгийг хасахаар төсөлд тусгасан байна.

Мөн 380 шинэ болон шилжих төсөл, арга хэмжээний 456.4 тэрбум төгрөгийг бодит ажлын гүйцэтгэл, Төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн бууруулж, 169 төсөл, арга хэмжээний тендерийн хэмнэлтийн 3.2 тэрбум төгрөгийг хасаж нийт 513.6 тэрбум төгрөг болж байна.