"Энэ сард 4000 орчим иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөсөн"

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Өнөөдөр Чех улсаас 249 иргэн ирсэн. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбар, Чех улсын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр эдгээр иргэнийг авч ирсэн. Иргэдийн тизний үнэ болон тусгаарлалтын хугацааны зардлыг дааж байгаа. Цаашид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр Турк улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг ярилцаж байна” гэлээ.

Олон улсын шилжилт хөдөлгөөний  байгууллагын дэмжлэгээр 185 иргэн эх орондоо ирээд байна. Нэг иргэнд 7.3 сая төгрөгийн зардал гарчээ. Нийт 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд 75 хувийн санхүүжилтийг Европын холбоо, 25 хувийг Чех улсын Засгийн газар гаргажээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад Монгол улс 2008 оноос нэгдэж хамтарч ажиллаж байгаа аж.

Харин Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдийг татан авах асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв. Тэрээр “ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг Алтанбулаг боомтоор татан авсан. Нийт 286 иргэнийг татан авлаа. Үүний 81 нь монгол иргэн, үлдсэн нь ОХУ-ын багш, ажилчид байгаа. Эдгээр иргэнийг ирэхээс нь өмнө шинжилгээнд хамруулсан. Мөн БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 186 иргэн бий. Эдгээр иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор хүлээж авна. Хятадын талаас урьдчилсан байдлаар энэ сарын 18-нд иргэдийг татан авах зөвшөөрөл өгөөд байна.

Монгол улс нийт 17211 иргэнээ гадаадаас татан авсан. Энэ сард агаарын болон авто замын боомтоор 4000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буураагүй. Өнөөдрийн байдлаар 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсан” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)