Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-наас хязгаарлана

Монголд цар тахлын үеийн хоёр дахь сонгууль хоёр сарын дараа болно. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ирэх аравдугаар сарын 15-нд зохион байгуулах тов зарлаад буй.

Хоёр удаагийн сонгуульд цэвэр ялагдсан АН энэ сонгуулиар даагаа нэхэж, дөрвөн жил дэх мөхөх үү, сэхэх үү гэдгээ шийдвэрлэнэ. Харамсалтай нь, АН-д  иргэдийн итгэл хүлээж, рейтингээрээ намдаа санал авч ирэх хэмжээний удирдлага одоогоор алга. Дээр нь хууль тогтоох дээд байгууллагад гол өрсөлдөгч нам нь дангаараа эрх барихаар болсон энэ үед иргэд орон нутгийн хөгжил, ажлын уялдаа холбоогоо бодож, сонголт хийх магадлал өндөр. Тиймээс АН-аас нэр дэвших төлөөлөгчид өөрсдөө сонгуульд ихээхэн хүч хаяж өрсөлдөх шаардлага үүсэж буй. МАН-аас бусад улс төрийн намынхан ч ялгаагүй.

МАН-ын хувьд өмнөх амжилтаа бататгаж, орон нутгийн сонгуулиар дахин үнэмлэхүй ялна гэсэн итгэл өвөртөлж яваа. Тиймдээ ч орон нутгийн сонгуульд эртнээс бэлтгэж, намын анхан, дунд шатны ажилтнуудаа өндөр цалинжуулж, багаа бүрдүүлж эхэлжээ.

Үндсэндээ орон нутгийн сонгуулиар МАН ба бусад гэсэн хүч тэнцвэргүй өрсөлдөөн болох нь.

Харин сонгуулийн бэлтгэл ажлын хувьд  хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн  хороо байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг байршуулах зэрэг ажил хийж байна. Энэ долоо хоногт л гэхэд сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Тэгэхээр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-наас аравдугаар сарын 16 хүртэл хязгаарлах юм.

Мөн энэ сарын 16-наас өмнө нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

Харин тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм. Улмаар нэр дэвшүүлэх ажиллагааг энэ сарын 1-нээс есдүгээр сарын 6-ны хооронд явуулах юм.