Дэлхий нийтэд тархаж, хүн төрөлхтнийг цочроож буй коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод хагас жил гаруйн хугацааг үдэж байна. Энэ хугацаанд дотоодод халдвар алдаагүйн дээр урин дулаан цаг ирж үйл ажиллагааг нь түр хаасан зарим үйлчилгээний байгууллагуудыг шат дараатай нээсэн. Ингэхдээ Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхнаас гаргасан журмын дагуу халдвар хамгааллын дэглэм баримталж, иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болсон юм. Тэгвэл хүйтэн сэрүүний улирал, ханиад томууны тархалтын эрчимтэй үе дөхөж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд өндөржүүлсэн бэлэн байдал хийгээд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг сурвалжиллаа.
Бид хамгийн түрүүнд саяхан үйл ажиллагаагаа нээж буй нэгэн кинотеатрыг зорьсон юм. Кинотеатрын гадна хоёр тийшээ зөрөлдөн алхах хүмүүс дунд амны хаалтаа зүүсэн тун цөөн харагдана.
Кино театрын үүдээр ороход гар ариутгагч шингэнүүдийг байршуулсан байв. Халуун хэмжиж, амны хаалт зүүхийг сануулж, зүүгээгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч байлаа. Харамсалтай нь, иргэд дотогш орсон хойно нь иргэдэд тавих хяналт сул байв.
Масктай ч амандаа биш эрүүндээ зүүсэн хүмүүс олон байх. Цаашлаад хүлээлгийн сандал, худалдааны цэгт хүн хоорондын зай барих, бүх хүн амны хаалттай байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх зэргийг иргэд ч, байгууллага нь ч мартсан гэмээр. Уг нь цэгүүдэд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх тэмдэг тэмдэглэгээ олон харагдана. Харамсалтай нь мөрдөж байгаа хүн алга.
Зай барих дэглэмийг заавал мөрдүүлэхийг холбогдох албаныхан хэдэн сарын турш шаардаж байгаа ч кино театр дотор дагаж мөрдөн байгаа хүн ховорхон байгаа нь харамсалтай.
Кинон үзвэрийн танхимд хүмүүсийг зайтай суулгасан байх ч масктай, халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж байгаа хүн тун ховор байна.
Дараа нь бид Чингэлтэй дүүргийн ойролцоо байрлах нэгэн үсчин, гоо сайхны газар орлоо. Тэнд маскгүй иргэд олноороо сууж, дарааллаа хүлээж буй бололтой. Хананд нь коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мөрдөх журам тодоос тод харагдах ч ханын цаас төдий л байгаа нь харамсалтай.
Мөн номын сангаар үйлчлүүлж буй иргэд 1.5-2 метр зай баримтлах бээлий өмсөж суух зэрэг зөвлөмжийг өгүүлсэн билээ. Гэвч танхим болон ариун цэврийн өрөө зэрэгт олноороо бөөгнөрөх зэрэг дутагдал их гарч байна. Үүнд шаардлага тавих хяналтын ажилтан дутагдалтай байлаа.
Мөн номын санчаас уншигчид хэрхэн танхимд үйлчлүүлж байгаа талаар тодруулахад танхимд байнгын халдваргүйжүүлэлт хийж, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу үйлчилж байгааг тайлбарлав. Харин үйлчлүүлэгчдийн хувьд маскаа мартсан гэх хариулт их хэлэх бөгөөд зарим нь шаардлага үл тоох нь бий гэнэ. Номын санд зөвхөн үүдээр орох хэсэгт маск зүүж ороод бусад үед байнга маскаа буруу зүүж олон удаа маскныхаа гадна хэсэгт гараараа хүрчихээд номын хуудсанд хүрч байгаа нь халдвар дамжих зөөвөрлөгдөх шалтгаан болж болзошгүй юм.
Маскаа зүүгээгүй иргэдээс яагаад зүүгээгүйг нь асуухад “Уг нь зүүх ёстой ч мартчихжээ. Гэхдээ дотооддоо халдвар алдаагүй болохоор санаа амар байгаа. Тэгээд ч халуунд масктай явж чадахгүй байна” гэх хариултуудыг өгч байлаа. Харин дэлгүүр орохдоо гараа ариутгаж, маскаа ном ёсоор нь зүүсэн нэг ахтай таарч, сэтгэгдлийг нь сонслоо. Түүнийг М.Баттогтох гэдэг. Тэрээр “Маскаа зүүхгүй байх нь маш эрсдэлтэй. Коронавирусийн халдвар Монгол улс дотор илрээгүй байгаа ч гэсэн маскаа маш сайн зүүх хэрэгтэй гэж бодож байна. Иргэдийн анхаарал их багассан байна. Би хаана ч явсан эрсдэлийг тооцоолон маскаа маш сайн зүүж, гараа тогтмол ариутгаж байгаа. Бусад хүмүүс ч эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх хэрэгтэй. Гадуур маск зүүхийг сануулж байгаа хүн нэг ч алга. Иргэд өөрсдийнхөө төлөө үүргээ ухамсарлахгүй байхад заавал бусад хүн шаардлага тавих албагүй. Бусдаар албадан шаардуулахгүйгээр өөрсдөө сэргийлэх хэрэгтэй” гэсэн юм.
Иргэн бүр хариуцлагатай хандах энэ цаг үед маск зүүх нь сонголт биш хариуцлага билээ. Зөвхөн үйлчилгээний байгууллага бус гадуур явах хүмүүс дунд ч маск зүүж буй хүн цөөн харагдаж байв.
Иргэдийн их үйлчлүүлдэг хоёр, гуравхан газраар л ороход ийм байдалтай байна. Хэдийгээр манай улс дотооддоо халдвар алдаагүй ч ханиад томууны улирал эхэлж байна. Тиймээс бүгд амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, өөрсдийгөө хөнөөлт өвчнөөс хамгаалъя.
Биднийг анхаарал сэрэмжээ бууруулж байхад дэлхийн улс орнуудад өвчлөлийн дөрөвхөн өдөрт нэг саяар нэмэгдэж, улс орнуудын хариу авах арга хэмжээ өндөрсөж байна. Үйлчилгээний байгууллагад тавих хяналтыг эрчимжүүлмээр байна. Иргэдийг маскаа зүүж, гараа тогтмол угааж анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг уриалъя. Ниргэсэн хойно нь хашхирах вий.