CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүйг мэдээлэв. Тодруулбал, тэрээр “ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 306 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тухайлбал, БНСУ-аас ирсэн 265 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор санамсаргүйгээр долоон хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 жолоочоос коронавирус илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдөр таван хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн сайн мэдээ байна. 63 настай иргэн 39 хоног, 35 настай хүн 51 хоног, 22 настай эмэгтэй 18 хоног, 20 настай эмэгтэй 19 хоног эмчлэгдэж эдгэлээ. Ингээд хоёр орос, гурван монгол иргэн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ.

Нийт батлагдсан тохиолдол 291, үүнээс 230 нь эмчлэгдлээ. Одоо эмчилгээнд 61 хүн байна. 58 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүн нь хүндэвтэр байна.

Дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл бүрэн хангагдсан” гэлээ.