ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 30-нд нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 29-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор ирсэн 164  хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 2 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьц Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад онош батлагдсан 291 тохиолдол байгаагаас 225 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн 3 хүн хүндэвтэр, 1 хүнд байна. Тандалт судалгаа эмчилгээ, хяналт үргэлжилж байна.

Хамгийн гол нь иргэд амны хаалтаа зүүн, хүн хоорондын зай баримтлан гараа сайтар угаан ариутгах нь энэ үеийн хамгийн чухал зөвлөмж. Үүнийг дагахгүй уйдаж болохгүй, энэ бол бидэнд байгаа хамгийн чухал зэвсэг.

Манайд бүртгэгдэж байсан хамгийн анхны тохиолдол болсон Францын иргэн таксигаар үйлчлүүлэхдээ таксины жолоочид та маскаа зүү тэгээд би үйлчлүүлье гээд тухайн таксины жолооч маск зүүн үйлчилсэн талаарх мэдээллийг бид авсан.

Вакцин удаан хугацаанд үйлдвэрлэгддэг учраас тэр хүртэл иргэд тэвчээртэй хувийн ариун цэврээ сайтар баримтлахыг уриалж байна” гэв.