Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Дархлаа нь заавал бага насны гэлтгүй хүн болгонд байх ёстой. Энэ нь бие организм гадаад орчноос өөрийгөө хамгаалахын тулд дасан зохицох урвалыг хэлж байгаа юм. Аливаа өвчлөлийг үүсгэх нян, бактери, вирус зэрэг нь бие организмд ороход эрхтэн систем өөрийгөө хамгаалж, өвчлөхөөс сэргийлэх тодорхой хэмжээний системтэй үйл ажиллагаа явагдаж, бактерийн эсрэг тэмцэх бодисыг ялгаруулж байдаг. Ялгарсан бодис бактерийг устгаж байдаг дархлааны систем ийм нарийн зохион байгуулалттай юм.

Зориудаар дархлааг сайжруулах үүднээс 0-15 нас хүртэлх хугацаанд хүүхдийн амь насанд маш аюултай А, В хэлбэрийн шар өвчин, саа, сахуу татран, улаан бурхан, улаанууд, гахайн хавдар гэх зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх  вакцин хийдэг.

Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хийдэг. Ийм дархлаажуулалтын вакцинд хугацаанд нь хамрагдаж байх ёстой бөгөөд үүнд хамрагдсанаар хүүхдийг аливаа халдварт өвчнөөс сэргийлж байна гэсэн үг юм.

Хүүхдийн дархлаа буруу хооллолтын үед, тухайлбал нярай хүүхдийг хөхөөр хооллоогүйгээс болж дархлаа нь мууддаг. Эсвэл хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна. Үүнээс гадна гадаад орчин, ахуйн нөхцөл, хүүхдийн асаргаа сувилгаа, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хооллох зэрэг хүүхдэд үзүүлж байгаа янз бүрийн орчны нөхцөл байдал хүүхдийн дархлаанд нөлөөлж байдаг.

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийг тухайлбал зуны улиралд чийрэгжүүлэх нь хамгийн чухал. Энэ насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэхийн тулд цэвэр агаарт байлгах, хоол хүнсэндээ анхаарах, сайн унтуулж амрааж ядраахгүй байх гэх мэт энгийн зөв дадал хэвшлийг баримталбал заавал зориудаар эм тариа хэрэглэх шаардлагагүйгээр, бие организмд өөрийгөө хамгаалах бүхэл бүтэн том систем ажилладаг учраас өөрөө дархлаагаа сэргээж байдаг. Нярай хүүхдийн хувьд хамгийн чухал нь хөхөөр хооллох, хугацаандаа вакцинжуулалтад хамрагдах ёстойг эцэг, эхчүүд анхаарч байх хэрэгтэй.

Бие организмын дархлаа сул байх нь мэдээж хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлнө. Өвчлөмтгий, дархлаа султай хүүхдийн өсөлт бойжилт бусад хүүхдийг бодвол бие жижигтэй, хөдөлгөөн багатай гэх мэт хоцрогдмол байна.

Дархлаа султай хүүхэд ерөнхийдөө амархан өвчлөмтгий л болдог байна. Тиймээс хоолондоо дургүй болж, багахан зэргийн юманд л харшил өгч, амархан харшламтгай  болчихдог аж.

Сүүлийн үед хүүхдүүд компьютер тоглоом их тоглож, зурагт их үздэг болчихсон. Энэ нь хүүхдийг ядаргаанд оруулж, ядаргаанаасаа болоод дархлаа нь сулардаг. Үүнийг эцэг, эхчүүд онцгой анхаарч, зурагт компьютерын урд суухыг нь хязгаарлаж, цаг нартай байлгах хэрэгтэй. Компьютер, зурагт үзүүлэхийн оронд хүүхдээ цэвэр агаарт тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах нь илүү тустай юм.

Хүүхдийн биеийн өсөлт хөгжил, нас насанд нь тохирсон бүх комплекс витаминууд байдаг. Ерөнхийдөө 0-1 насны хүүхдэд ихэвчлэн сиропоор, 2-оос дээш насны хүүхдэд голдуу шахмал хэлбэртэй, өдөрт нэг удаа уух хуваарьтайгаар эмийн сангуудад худалдаалдаг. Эдгээрийг авч өгөхөд илүүдэхгүй, гэхдээ мэдээж эмчийн зөвлөгөө зааврыг зааврын дагуу хэрэглэх ёстойг мартаж болохгүй.

Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулахын тулд нар ус, цэвэр агаарт явуулж чийрэгжүүлэх, хүүхдэд тохирсон хоол хүнс, амин дэмээр баялаг ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал байдаг. Мөн бүх төрлийн хүүхдийн биеийн хөгжил, насанд тохирсон витаминыг уулгаж болно.

Хавар, намрын улирлын үед хүүхдийн дархлаа их сулардаг учраас томуу, томуу төст өвчин тусах нь элбэг байдаг.

Үүнээс сэргийлэхийн тулд:

  • ам, хамрыг нь содатай усаар тогтмол зайлуулах
  • хүүхдээ сайн унтуулж амраах
  • хоол унд, хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг амин дэмээр баялаг хоол унд өгөхөд анхаарах хэрэгтэй.
  • Үүнээс гадна манайхан хүүхдээ улирал улиралд нь тохируулж хувцасладаггүй. Даарснаас болж их дархлаа сулардаг учраас хүүхдийг дааруулахгүй бас хэт халууцуулахгүй байх зэргийг эцэг эхчүүд бас анхаарах нь зүйтэй юм.

Зохистой хооллолт нь хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хэвийн өсөлт хөгжилтийг хангаад зогсохгүй гадаад орчны харш /сөрөг/ нөлөөллийг эсэргүүцэх чадвартай, эрүүл чийрэг өсөн торнихын үндэс болдог.

5 хүртэлх насны хүүхдийн өсөлт, хэвийн байгаа нь дараах шинж тэмдгүүдээр илэрнэ.

Үүнд:

  • жин нь нэмэгдэх /хүнд болох/
  • өндөр болох
  • том болох
  • хувцас нь багадаж таарахгүй болох
  • арьс нь цэвэр өнгөлөг байх
  • үс нь гялалзана
  • нүд нь сэргэлэн, хараа нь сайн байх
  • хоол идэх дуртай болох
  • хөдөлгөөн сайтай, тоглох дуртай байх

Хүүхдийн хоол тэжээл тохирч эрүүл саруул өсч байгааг хүүхдийн сэргэлэн цовоо байдал, өдрөөс өдөрт өөрчлөгдөж өсч хөгжиж байгаа хөдөлгөөний болон мэдрэл, сэтгэхүйн хөгжил, уур уцааргүй, идэвхтэй байдлаар нь бид мэдэрч байдаг ч насандаа тохирсон, өсөлт нь хэвийн байгааг нарийн мэдэж байх шаардлагатай байдаг.