Шинээр томилогдсон дэд сайдууд ирэх сарын 15-ны дотор ХОМ-ээ гаргана

Авлигын эсрэг хуулийн 11.1.1-т “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хуульд заасан хугацаанд бүртгэж, хянана” гэж заажээ. Мөн уг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Үүний дагуу шинээр томилогдсон 14 дэд сайд ирэх сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах юм. Тэдний олонх нь өмнө нь төрийн өндөр албан тушаал буюу дэд сайд, агентлагийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, аймгийн Засаг дарга, түүний орлогч зэрэг албыг хашиж байхдаа уг мэдүүлгээ гаргаж байжээ.