Монгол хэлний их тайлбар толинд олон хүний омог хөдлөхийг “омогшил” гэжээ. “Bloomberg”-ийн судалгааны баг 2013 онд дэлхийн орнуудын омогшлын түвшинг гаргажээ. Тэд судалгаагаа НҮБ- ын гэмт хэрэг, хар тамхины хэсэг, ДЭМБ, Транспаренси интернэйшнл, ОУВС-ийн баримт дээр тулгуурласан байна. Улс орны стрессийн түвшинг амиа хорлолтын түвшин, нэг хүнд ноогдох ДНБ, орлогын тэгш бус байдал, авлигын индекс, дундаж наслалт зэргээр тодорхойлдог аж.

Хүний наймааны хэрэг ихсэж буй Африкийн орнууд энэ судалгааг тэргүүлсэн байна. 2008 оноос хойш хурдацтай хөгжиж, ирээдүйд эдийн засгаар тэргүүлэх орны жагсаалтад нэгт орсон Нигери улс “Хамгийн их стресстэй улс”-ын жагсаалтанд ч бас дээгүүр байр эзэлжээ. Тус улс нь Африк тивийн хамгийн их хүн амтай орон. Нигери улсын 100 мянган хүнд ноогдох амиа хорлолт 12.2, нэг хүнд ноогдох ДНБ 1676 ам.доллар, орлогын тэгш бус байдлын индекс нь 48.8, авлигын түвшин 27, ажилгүйдэл 23.9 хувь, нийслэлийнх нь нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ нь 123.6, дундаж наслалт 53 гэсэн баримтаар 70.1 хэмээх оноо авчээ. Халуун орны өвчин, бэлгийн замын халдвар үндэстнийг нь аюулд оруулж буй Өмнөд Африк улс 70 оноогоор хоёрдугаарт жагссан аж. Энд 100 мянган хүнд ноогдох амиа хорлолт 31.8, нэг хүнд ноогдох ДНБ 7257 ам.доллар, орлогын тэгш бус байдлын индекс нь 63.1, авлигын түвшин 43, ажилгүйдэл 25.7 хувьтай, нийслэлийнх нь нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ 51.6, дундаж наслалт нь 58 байна.

“BLOOMBERG”-ийн хамт олон судалгаандаа 74 орныг хамруулж, омогшлын түвшингийн максимум үзүүлэлтийг 100 оноогоор хэмжжээ.

ДЭМБ-аас ард иргэд нь хамгийн их стресстэж буй улс хэмээн зарлаж байсан Эл Сальвадор улс “Bloomberg”-ийн уг жагсаалтанд гуравт орсон аж. Эл Сальвадор 57.6 оноотой байна. 100 мянган хүний 69.2 нь амиа хорлодог, нэг хүнд ноогдох ДНБ нь 3935 ам.доллар, орлогын тэгш бус байдлын индекс нь 48.3, авлигын түвшин 38, ажилгүйдэл5.7 хувьтай, нийслэлийнх нь нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ  51.7, дундаж наслалт нь 72 юм. Монгол Улсын таван хүн тутмын дөрөв нь сэтгэл зүйн архаг бухимдал буюу стрессэд өртсөн байна гэж ДЭМБ дүгнэсэн байна.

“Хамгийн их стресстэй улс” жагсаалтанд  манай улс дөрөвдүгээр байранд оржээ. Манай оронд 100 мянган хүнд ноогдох амиа хорлолт 8.7, нэг хүнд ноогдох ДНБ 4213 ам.доллар, орлогын тэгш бус байдлын индекс нь 36.5, авлигын түвшин 36, ажилгүйдэл 6.1 хувьтай, нийслэлийнх нь нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ 279, дундаж наслалт нь 68 байна.

Монгол Улсын омогшлын түвшинг 54.4 хэмээн тогтоожээ. Гватемал 0.4 онооны зөрүүгээр манай улсын дараа жагссан аж. Америк тивийн төв хэсэгт орших тус улсын 100 мянган хүний 38.5 нь амиа хорлодог, нэг хүнд ноогдох ДНБ нь 3415 ам.доллар, орлогын тэгш бус байдлын индекс нь 55.1, авлигын түвшин 33, ажилгүйдэл 4.1 хувьтай, нийслэлийнх нь нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ 48.2, дундаж наслалт нь 69 байна. Харин “Хамгийн их стресстэй улс”-ын 70-д Австрали жагссан байна. Эндхийн 100 мянган хүнд ноогдох амиа хорлолт нэг, нэг хүнд ноогдох ДНБ 68939 ам.доллар, орлогын тэгш бус байдлын индекс нь 30.3, авлигын түвшин 85, ажилгүйдэл 5.3 хувьтай, нийслэлийнх нь нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ 13.2, дундаж наслалт нь 82 байна.

Австралийн стрессийн түвшинг 12.2 хэмээн тогтоожээ. Жагсаалтын 71-т Швед улс 12.2 оноогоор, Швейцарь улс 9.2 оноогоор, Швейцарьтай хиллэгч Люксембург 7.1 оноогоор тус тус “Омогшлын жагсаалт”-ын сүүл мушгиж байна. Тус жагсаалтын хамгийн сүүлд буюу стресс хамгийн бага улсаар Норвеги тодорсон аж. Энэ улсын стрессийн түвшин 5.4 байна.

Норвегийн 100 мянган хүний 0.6 нь амиа хорлодог, нэг хүнд ноогдох ДНБ нь 105475 ам.доллар, орлогын тэгш бус байдлын индекс нь 25, авлигын түвшин 85, ажилгүйдэл 3.1 хувьтай, нийслэлийнх нь нэг шоо метр агаар дахь бохирдлын хэмжээ 22, дундаж наслалт нь 81 аж. “Bloomberg”-ийн хийсэн энэхүү судалгааг үзэхэд дундаж наслалт болон нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ доошлох тусам ихсэж байлаа. Энэ нь хүн бухимдалгүй бол урт наслана, дундаж наслалт ихсэвэл боловсон хүчний ажиллах хугацаа нэмэгдэж ДНБ өсдөг гэдгийг илтгэж байна.

Э.Сударчулуун