БНСУ дахь монгол иргэд өнөөдөр 16.00-18.00 цагийн хооронд "Монгол таун"-ы урд "Үри" банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авах бөгөөд визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй монголчууд хамрагдах боломжтойг сануулжээ.
Мөн тус улсад байгаа монголчуудын дунд нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон, зодож танхайрсан зэрэг хэрэг зөрчил сүүлийн үед гарах болсон тул Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсээс хяналт тавих, сэрэмжлүүлэг хүргэхээр болжээ. Цагдаагийн алба хаагчид БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтран "Монгол таун"-ы ойр орчимд сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээг маргааш 15.00 цагаас зохион байгуулахаар болжээ.
Жүнбү цагдаагийн хэлтэс болон БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хоёр жил гаруйн хугацаанд сар бүр “Монгол таун” ойр орчмоор эргүүл хийн сэрэмжлүүлэг хуудас тарааж байсан ч цар тахлын улмаас эл арга хэмжээг түр зогсоогоод байжээ.