Хүй долоо худагт хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал Land Cruiser маркийн автомашин Toyota маркийн суудлын тэрэгтэй мөргөлдсөн осол 15.00 цагийн орчимд гарлаа. Ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж.

Тээврийн цагдаагийн албанд өнөөдөр 15.50 цагийн байдлаар иргэдээс нийт 77 дуудлага мэдээлэл ирүүлжээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 56 дуудлага бүртгэгдсэнээс зургаан хүн гэмтсэн гэх мэдээлэл байна.
Наадмын өдрүүдээр орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал хөдөлгөөн ихэсч, авто замын ачаалал үүсч байгаа тул жолооч нар цаг хэмнэж, зам товчлох гэж урсгал сөрөх, замын хөвөөгөөр явах зөрчил цөөнгүй гарсан байна. Мөн замын ачаалал сийрэг болсон үед хурд хэтрүүлэх тохиолдол гарчээ. Түүнчлэн автомашинд даац хэтрүүлэн зорчих, бага насны хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүй зэрэг зөрчил их байгааг албаныхан анхаарууллаа.