Үндэсний их баяр наадам хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. 

Энэ жил нийт 512 хүчит бөх зодоглоно. Дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын аварга Н.Батсуурь нар зүүн болон барууныг манлайлж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат зэрэг таван аварга энэ жилийн наадамд зодоглож байгаа билээ. 

Энэ жилийн үндэсний их баяр наадамд төр, түмнээ хүндэлж зодоглож буй өдгөө 56 настай улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, 64 настай улсын начин Л.Цэвээн нар нэгийн даваанд давлаа. Улсын цолтон бөхчүүд учраанууд давсан. 

Харин нэгийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар залуу бөх Э.Баярбатад өвдөг шороодож, өндөр цолтой бөхчүүдээс хамгийн түрүүнд наадмаа дуусгалаа. 

Х.Мөнхбаатар арслангийн хувьд 2007 оны улсын баяр наадамд түрүүлж байсан билээ.