Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 12.6 сая хүн өвчилж, 560 мянга гаруй хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 231 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 5000 гаруй хүн нас баржээ. Дэлхий дахинд хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр болсон байна.
24 цагийн хугацаанд АНУ-д 59 мянга, Бразилд 42 мянга, Энэтхэгт 25 мянгаар өвчлөл нэмэгдсэн.
ДЭМБ-ын өчигдрийн хэвлэлийн хурал дээр Онцгой байдлын хөтөлбөрийн дарга “Дэлхийн улс орнууд коронавирусээс тийм ч амархан салах боломжгүй байна. Халдварын тохиолдлыг бууруулж 0 болгосон орнуудад ч эргэн өвчлөл гарч байна. Олон хүн бөөгнөрч халдвар тарсан тохиолдолд кластер байдлаар халдвар тархаж байгаа учраас бууруулахад хүндрэлтэй байна” гэв.
Мөн Колумбын их сургуулийн эрдэмтэд коронавирус зөвхөн уушги гэмтээгээд зогсохгүй зүрх, судас, бөөр гэх мэтчилэн олон эрхтнийг гэмтээж байгаа учраас эрүүл мэндийн байгууллага, эмч нар зөвхөн уушгины өвчин гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Олон эрхтэн гэмтээдэг гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6635 хүн шинээр халдвар авч, 174 хүн нас барсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 39-45 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 124 хүн ажиглалтад шинээр орж, 22 хүн ажиглах байраас гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 3154 хүн тусгаарлан ажиглах байранд байна. 1-5 насны 200 хүүхэд, 71 жирэмсэн эмэгтэй ажиглах байранд байгаа. Эдгээр иргэдэд 58 их эмч 84 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Үүргийн онгоцоор ирсэн иргэдээс Цэргийн төв эмнэлэгт 64 хүн эмчлэгдэж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 6 хүний биеийн байдал хүнд байна.
Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 14 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 10 мянга гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
24 цагт 119 дугаарт 142 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д гадаадаас АНУ, Казахстан Улсаас нэг иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан” гэв.