Цар тахлын үеийн тансаглал буюу ЮУН ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ВЭ?

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. Энэ удаагийн Засгийн газар бол амьдрал нь ядуурч тартагтаа тулсан ард түмний эцсийн найдвар болж гарч ирсэн Засгийн газар. Ард иргэдийнхээ орлого ашгийг нэмэгдүүлж, амьдралыг сайжруулах нь хамгийн гол зорилго. Гэвч, “Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрладаггүй” гэж үг бий. Өөрийгөө яая гэж байгаа хүн бусдын амьдралыг өөд татна гэж байхгүй. Тиймээс цалиндаа дарагдсан төрийн алба түмний амьдралыг өөд нь татна гэж байхгүй л дээ. Төрийн алба хэтэрхий данхар бүтэцтэй байгаагаас болж улсын төсөв алдагдалтай гарсан хэвээрээ байгаа. Тиймээс Засгийн газрын хийх ёстой эхний ажил бол төрийн албыг цомхон, чадварлаг бүтэцтэй болгох явдал.

Эрх баригч намын амлалтад уг нь байгаа. Гэтэл шинээр байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаараа өмнөх Парламентын үед найм байсан Байнгын хороог 11 болгож нэмсэн. Шинээр нэмэгдсэн Байнгын хороодод ажлын алба байгуулж л таарна. Төрийн бүтэц даанхайж байгаагийн нэг хэлбэр мөн. Одоо Засгийн газар дэд сайд нарын асуудлыг оруулаад ирэх вий гэсэн болгоомжлол байгаа учраас ингэж бичиж байгаа юм. Зөвхөн дэд сайд, орлогч дарга нарын орон тоог цомхотгоход төсөвт 200 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо бийг шинэ гишүүн Т.Доржханд мэдэгдсэн. Гэтэл сан хөмрөг хариуцсан, төсвөө ашигтай байлгах үүрэгтэй Сангийн сайд нь өчигдөр “Төсөв тодотгоно, дэд сайдын орон тоог цомхотгох эсэх нь улс төрийн шийдвэр” гэсэн билээ. Манайхан Монгол Улсын эрх ашигт хохиролтой шийдвэрийг “Улс төрийн шийдвэр” гэдэг малгай дор нуудаг шүү. Хүмүүс ч мэддэг болсон. Тиймээс энэ малгай дор анхнаасаа л олон юм нуумааргүй байна.   

Цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийснээс хойш яг гурван сар өнгөрч байна. Төсөв хэмнэнэ гэдэг бол угтаа төсөв тодотгоно гэсэн үг ч тодотголгүй явсаар сонгууль хүргэсэн билээ. Монголчууд энэ асуудалд тэвчээртэй хандаж, эрх баригч намд итгэл хүлээлгэсэн. Төсвийг цагийн байдалд тохируулж тодотгох, ач холбогдолгүй орон тоог хасч, төрийн албыг цомхон чадварлаг бүтэцтэй болгож өөрчлөх нь энэ Засгийн газрын үед тавигдаж байгаа юм биш ээ. Харин энэ Засгийн газрын үед хийхээс өөр аргагүй болж байгаа ажил юм.

Үе, үеийн УИХ, Засгийн газар төрийн албан хаагчдын тоог цөөлж, цомхон чадварлаг бүтцийг бий болгох гэсэн мөнхийн амлалт авдаг. Гэвч биелүүлэх тал дээр хойрго хандсаар өнөөдрийг хүрсэн байна. Одоо бол улс орны эдийн засаг хүндэрчихсэн, техник технологийн дэвшил хүнийг орлох бүрэн боломжтой болсон тул заавал хийх шаардлагатай. Энэ ажил зөвхөн дэд сайд, орлогч даргын орон тоогоор хязгаарлагдах ёсгүй.  

Гүйцэтгэх ажил үүргээрээ “Танк, алим хоёр шиг” ялгаатай салбарт ээлжлэн ажилладаг “улс төрийн томилгоо” сайд, дарга даамлын зиндаанаас доошилж, төрийн үйлчилгээний албан хаагчдын хэмжээнд хүрчээ. 

Төрийн захиргааны ямар ч байгууллагад ажлын ямар ч дадлага туршлагагүй хэрнээ ажилд орсон “амьгүй албат”-уудын тоо багадаа л 10 хувьд хүрсэн гэх. Хэн нэг даргын шахаасаар ажилд орсон ийм нөхдүүд зүгээр суугаад цалин авч, ард түмний хурааж хуримтлуулсныг шулан мөлжиж байгаа нь шударга явдал гэж үү. Өмнө нь хэзээ ч байгаагүй, эсвэл цөөхөн хүн хийж болдог орон тоон дээр өдий төдий хүн авч ажиллуулдаг дампуу байдал өнөөгийн Монгол төрийн албаны ердийн дүр төрх болсон байна. 

Төрийн алба шинэ боловсон хүчнээр сэлбэгдэх нь буруу биш. Хамгийн гол нь төрийн алба нийтээрээ чанаржих ёстой. Гэтэл зарим байгууллага чадвар муутай ажилчдынхаа ажлыг хийлгэхийн тулд чадварлаг залуусыг авч, гүйцэтгэх ёстой үүргээс нь гадна өөр олон ажлаа хийлгэн дарамталдаг байдал хавтгайрсан гэх юм. 

Хэдэн жилийн өмнө “Яам болгонд нэг аймаар авгай байдаг” гэсэн нийтлэл гарч, анхаарал татаж байсан. “Миний дүү энийг хийгээд өгөөч”, “Миний дүү тэрийг хийгээд өгөөч, шагнана шүү” гэх маягаар ажлаа бусдаар хийлгэдэг, компьютерийн наад захын мэдлэггүй авгайчууд бусдын хөдөлмөрийг шулж мөлжөөд сурчихсан байдаг талаар өгүүлсэн энэ нийтлэлийн үнэ цэнэ одоо ч буураагүй байна. 

“Болдог бол халчихмаар байна, даанч тэр даргын хүн. Өөрөө талхнаасаа салчих гээд байна” гэж ярьж байгаа дарга нар захаас аван тааралдана. Бид өөрсдөө ямар гээч улс бий болгоо вэ. Өнөөдөр төрийн албаны хамаг ажлыг чадварлаг цөөхөн хүн хийж, олонх нь давхар хувийн бизнес эрхэлсэн шиг сулдаа ганхаж явдаг болсон байна. Ажлын хажуугаар давхар бизнес эрхэлж болох ч эхлээд ажилдаа эзэн болох ёстой шүү дээ.   

Асуудлын гол учир чадваргүй хүнээр дарга тавьдаг тогтолцооноос л болж байна. Мэддэг, чаддаг хүнээр дарга тавьбал шаардлагаа хэнд ч тавиад чадваргүй хүмүүсийг халж солиод явж чадна. Чадваргүй, хөгийн бэртэгчингүүдээр дарга тавьж, тэд нь өөрөөсөө дор хүмүүсийг ажилд авдгаас болж төрийн алба хүчгүйдэж байна. 

Өнөөдөр нэг байгууллагад жинхэнэ мэргэшсэн, аль ч төрийн үед байж л байдаг хүмүүс 80 хувь байхад мэргэжлийн бус, байнга солигддог, даргын татаасны буюу 1-2 жилийн настай “нүүдлийн шувууд” баттай 20 хувийг эзэлж байна.

Мэргэжлийн бус хүн тул тэртэй тэргүй ажил хийдэггүй. Төсвийн албан хаагчдад зарцуулж байгаа нийт цалингийн 20 хувь нь ийм бэртэгчингүүдэд зарцуулагдаж байна гэхээр үнэхээр харамсмаар.   

Хувийн хэвшилд ажиллаж хөдөлмөрлөж байгаа ямар ч хүн ажилдаа эзэн болж чаддаг. 

Чадваргүй, хэрэггүй хүнийг хэн ч сул цалинжуулахыг хүсэхгүй шүү дээ. Харин төрийн байгууллагад байдал эсрэгээрээ. Ширээний ард мануухай болж суудаг ийм нөхдүүд олшрохын хэрээр улсаас асар их хөрөнгө үргүй урсан гарч байгаад хэн ч дуугарахгүй байна. 

Нийслэл, дүүргийн хэмжээнд, яам агентлагийн хэмжээнд гамшиг болж байгаа энэ асуудлыг хөндөж гаргах цаг нь болжээ. Амьгүй албатуудыг илрүүлэн гаргаж ирж, төрийн албанд бугшсан идээ бээр, усыг нь шахъя. Бид энэ асуудлаар баримттай мэдээлэл цуглуулж байгааг уншигчидадаа дуулгаж, мэдээлэл өгөхийг уриалж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Яахав дээ. Сэтэрт яснаасаа дуртай нүүдэлчид юм. Ямар нэгэн дарга болохгүй л бол нойр нь хүрэхээ байсан амитас хязгаараа алдаад тэдний таалалд зориулж орон тоо үйлдвэрлэж суудаг төр засагтай улс юм бид. Зүгээр л нэрнээс нь хар даа. Уг нь бол үйлдвэрлэл огт хөгжөөгүй манайх шиг улсад инновацийн газраар ямар элэнцгээ хийхэв дээ. Сэтгэн бодох нэртэй өрөөндөө 60 тэрбум шиг авилгын шинэ сүлжээний загвар л зураглаж суудаг байлгүй дээ. Удахгүй уих-н дэргэд ямааны асуудал эрхэлсэн хороо байгуулагдана даа. Харж л байгаарай. Ямаанаас эхлээгүй хэн байхав гэх шиг энэ амитантай дэндүү ойр хамааралтай хүмүүс төрд гардаг нь ёс болсон шиг байна. Я үсэг хэлэнгүүт өмдөндөө алдах нь холгүй сууцгаадаг шиг байгаан. Улаанаас өгсүүлээд л өндөлзөөд эхэлнэ. Ингээд л шинэ хороо байгуулагдаж дарга нар олширч улс ядуурсаар. Өөрийнхөө сэтрийг өөр дуртай нэгэнд алдчихаад дахиад түүнээсээ дөнгүүр сэтэр олж авахаар улайрцгаана. Мадагаскар билүү нэг хүүхэлдэйн кинон дээр Жустиниан хаан гэж самж гардаг. Тэр самж яг манай улс төрчид шиг аашилдаг. Эсвэл манай дарга төрөлтнүүд тэр самжийн ойр гарлынх байж мэдэх л юм. Ямар ч байсан их адилхан.

    0 0 Хариу бичих
  2. In heregtei 3 baingiin horoo nemegdlee.

    0 1 Хариу бичих
    • хуцдаг халтар шүү

      0 0
  3. Дэд л бол дэд, орлогч л бол орлогч тэд ямар асуудал шийддэггүй. Хийх ажил, хүлээх хариуцлага гэж зүйл байхгүй болохоор хар, хорыг л гүйлгэх ажил хийж суудаг хүмүүс дээ. Хэрэггүй орон тоог цөөлж, төсвөө хэмнэх нь зөв байх оо.

    2 0 Хариу бичих
  4. agenlagiin darga narch bas tiim

    1 0 Хариу бичих