Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд Герман хутгалдан оролцож байна гэж хоёр дахь бүрэн эрхийн төлөө тэмцэлдэж байгаа Анжей Дуда мэдэгдлээ. Түүнд Германы хэвлэлүүдийн мэдээ төдийлөн таалагдсангүй бололтой.
“Саяхан Die Welt сонинд Варшав дахь сурвалжлагчийн өгүүлэл нийтлэгджээ.Энд Тшасковский сайн Ерөнхийлөгч болж чадна. Учир нь тэр Германаас дайны төлбөр нэхэхгүй гэж бичсэн байна. Энэ бол мнай сонгуульд Герман улс хөндлөнгөөс нөлөөлж байгаагийн тод жишээ" хэмээн Ерөнхийлөгч Анжей Дуда ярьжээ.
Тэрээр мөн Польшийн Fakt хэвлэлийг буруутгаж Германы Axel Springer компанийн мэдлийнх гэв. Улмаар Германы Элчин сайдыг дуудан тайлбар шаардсан байна.
Сануулахад, Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат зургаадугаар сард явагдан өнөөгийн Ерөнхийлөгч Анжей Дуда 41 , Варшав хотын захирагч Рафал Тшасковский нар дараагийн шатанд үлдсэн юм.