УИХ-ын Анхдугаар чуулганыг хаалаа

2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан найм дахь парламент зургаадугаар сарын 30-нд Анхдугаар чуулганаа нээсэн. 75 гишүүн тангаргаа өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламент УИХ-ын дарга, дэд даргаа сонгож, намын бүлгүүдээ байгуулан даргаа сонгох, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах асуудлыг чуулганы эхний өдрүүдэд хэлэлцэн шийдвэрлэсэн.

Харин энэ долоо хоногт Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилж, Засгийн газрын бүтцийг баталсан юм. Ерөнхий сайдын танилцуулсан Засгийн газрын шинэ гишүүд өчигдөр анх удаа УИХ-д тангараг өргөн үүрэгт ажилдаа орлоо.

Харин өнөөдөр нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн байнгын хороодын тоог гурваар нэмэгдүүлж, Улсын их хурал 11 байнгын хороотойгоор ажиллах боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ  "Анхдугаар чуулганы нээлтээр Улсын Их Хурал таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогыг халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ингэснээр төрөө төвхнүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн таван хороог байгуулахаар шийдвэрлээд зохион байгуулалтад орж бэлэн болоод байна.

Анхдугаар чуулганыг завсарлуулсан ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана.

Завсарлагааны хугацаанд эрхэм гишүүд бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсоно. Хариуцсан ажлын хэсэг, Байнгын хороод  ард иргэд, холбогдох байгууллагуудын саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлно гэдгийг тэмдэглэлээ.

Мөн Улсын Их Хуралд гурван Байнгын хороо нэмэгдлээ. Ингэснээр төсөв зардал Улсын Их Хурлын Тамгын газарт нэмэгдэхгүй, харин ч ёс зүй  сахилга хариуцлагыг сайжруулж, үйлдвэржилтийг дэмжиж, цахим засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлснээр төсөв эдийн засагт эрс шинэчлэлт хэмнэлт хийгдэнэ гэдэгт итгэж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)