"Монгол наадам" үзэсгэлэнд Их аваргуудын зодог шуудгийг анх удаа дэлгэн үзүүлнэ

Монгол тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд зориулсан энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гаруй 100 гаруй үзмэрийг дэглэн үзэгч таны гэгээн мэлмийд толилуулж байна. 

Төрт ёсны эртний уламжлалтай Монголчуудын үндэсний баяр наадам нь төрийн ёслолын хүндэтгэл их цэнгэлд зүй ёсоор тооцогддог төдийгүй энгүүн аж амьдралын язгуур өв соёлыг тээж ирсэн үнэт өв маань билээ. Тийм ч учраас 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм.

Монгол наадам нь Хурдан морины уралдаан, Бөхийн барилдаан, Сурын харваанаас бүрддэг ба ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг түүнчлэн уламжлалт гар урлалыг ч өөртөө багтаасан Монгол ардын зан үйлийн цогц ёслол билээ.  Үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүд нь XX зууны үеийн уламжлалт гоёл, чимэглэл, гар урлалын бүтээлүүдээс гадна алдар цуут бөхчүүлийн өмсөж эдлэж байсан хувцас хэрэглэл, хурдан морины хүүхдийн хувцас, өмсгөл, нум сум, товх болон шагайн харвааны эд эдлэл зэрэг олон сонирхолтой цуглуулгыг дэлгэж буйгаараа онцлогтой. Тухайлбал, Монголчуудын хайртай бөх дархан аварга Б.Түвдэндоржийн эдлэж хэрэглэж байсан малгай, зодог шуудаг, тэрлэг дээл уг үзэсгэлэнд тавигдсан. Тэрээр Монголын бөхийн түүхэнд тодорсон домог шалгарсан манлай олныг баясуулагч, баяр наадмын манлай дархан аварга байлаа.  Мөн ард олноо Боохой хэмээн алдаршсан Монгол улсын арслан Дамдинсүрэнгийн Данзангийн зодог шуудгийг анх удаа уг үзэсгэлэнгээр олон нийтэд үзүүлж байна.

Уг үзэсгэлэнд наадмын чимэг хурдан хүлгийн унаач хүүхдийн хувцас, хэрэгсэл, монгол эр хүний гоёл чимэглэл хийгээд адууны соёлын өвөрмөц илэрхийлэл ширэн хөхүүр, айргийн хул, мөнгөн аяга болон адууны тоног хэрэгсэл, мөн сур харвааны тоног хэрэгсэл, Маршал Х.Чойбалсангийн нум сум, Урианхай сурын уламжлалт нум, сумыг үзэж болно. Мөн шагайн харвааны хасаа, хашлага, сум тэргүүтэнийг сан хөмрөгөөсөө дээжлэн уг үзэсгэлэнд дэглэн байрлуулав.

Энэхүү үзэсгэлэн нь  2020 оны 07 сарын 10-аас 08 дугаар сарын 10 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана. 

Эх сурвалж: Монголын Үндэсний Музей

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)