ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 7-нд нийт 370 хүнд шинжилгээ хийхэд 368 хүний шинжилгээнд  коронавирус  илрээгүй.

Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг , Орхон аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20, 22 настай эмэгтэйчүүд байна.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан Сөүлээс ирсэн 172 хүнд шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 8 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүнд шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй, 1 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ.

Монгол Улсад онош батлагдсан 227 тохиолдол байгаагаас 195 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  32 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 31 нь хөнгөн, 1 нь хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 1 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна” гэв.