Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 11.9 сая хүн өвчилж, 545 мянга гаруй хүн нас баржээ.  6.8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5 сая энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 193 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 5000 гаруй хүн нас баржээ.

24 цагийн хугацаанд АНУ-д 46 мянга, Бразилд 45 мянга, Энэтхэгт 26 мянгаар өвчлөл нэмэгдсэн. Энэтхэгт нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. Олон оронд өвчлөл огцом нэмэгдсэн нь хөл хориог огцом сулруулсан нь нөлөөлсөн гэж эрдэмтэд үзжээ.

Өчигдрийн хэвлэлийн хурал дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал COVID-19-ийн дэгдэлт хурдацтай явагдаж байгаа ч бид цар тахлын оргил үед хүрээгүй байна. Иймд дэлхийн улс орон үндэстний хэмжээнд эв нэгдэл, энгийн ард иргэд бидний хувьд амьдралын шинэ хэв маягт дасан зохицох шаардлагатай. Амьдралын шинэ хэв маяг гэдэг нь амны хаалт зүүн, гараа байнга угаан хүн хоорондын зай барих арга хэмжээг мөрдөх нь хамгийн зардал багатай үр дүнтэй арга гэдгийг онцгойлон сануулсаар байгаа. Бид эв нэгдэлтэй байх нь энэ өвчний ард гарах үндсэн зэвсэг гэдгийг онцлон тэмдэглэсэн.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6368 хүн шинээр халдвар авч, 198 хүн нас барсан.  Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 34-73 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Өчигдөр 172 иргэн эх орондоо ирсэн. Манай улсын хувьд өчигдөр 215 хүн ажиглалтад шинээр орж, 52 хүн ажиглах байраас  гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2995 хүн тусгаарлан ажиглах байранд байна. 1-5 насны 185 хүүхэд, 105 жирэмсэн эмэгтэй ажиглах байранд байгаа. Эдгээр иргэдэд 58 их эмч 87 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн эмчлэгдэж байгаагийн 6 хүний биеийн байдал хүнд байна.

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 12 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

24 цагт 119 дугаарт 157 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д гадаадаас АНУ, Швед улсаас хоёр иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан” гэв.