Хүүхдийн тань анхны шүд гарч ирэхээс өмнө усанд оруулахдаа буйлыг нь ариутгасан чийгтэй бинтээр цэвэрлэж байх нь сайн. Харин шүдний оо хэрэглэх хараахан болоогүй. Бинтээ норгоод буйлны хэсгүүдийг зөөлөн арчихад л хангалттай. Шүд ургаагүй байхад аман дахь бактери буйланд сөргөөр нөлөөлөхгүй боловч, хэзээ ургаж гарах нь тодорхойгүй тул, эртнээс арчилж цэвэрлэж байх нь чухал. Түүнчлэн энэ байдлаар амыг нь цэвэрлэж хэвшүүлснээр, дараа шүдийг нь сойзоор угаахад, танд болон хүүхдэд тань амар байх болно.
Хүүхдийн цахиур цухуйж эхэлмэгц хэрхэн арчлах вэ?
Нялх хүүхдийн шүд ойролцоогоор 6 сартайд нь ургаж эхэлдэг. Энэ үед өөрийн гарт эвтэйхэн, нялх хүүхдэд зориулагдсан жижиг толгой, зөөлөн үстэй сойзыг худалдаж авбал тохиромжтой. Хэрвээ хүүхэд тань цоо эрүүл боловч, нэг ой хүрчихээд шүд нь ургахгүй байвал бүү санаа зов. Учир нь, зарим хүүхдийн шүд 15-18 сартайд нь ургаж гарч ирдэг.

Маш бага хэмжээгээр фтортой оог сойзонд түрхэнэ. Хүүхдийн насны онцлогт нь тохирсон элдэв бодис ороогүй тусгай оо байдаг. Түүнээс ердөө жижиг дусал л байхад хангалттай. Өдөрт хоёр удаа дотор, гаднагүй зөөлөн сойзоор угааж цэвэрлэнэ. Түүнчлэн хэрвээ таныг хүүхэд тань угаалгахыг зөвшөөрч байвал хэлийг нь мөн цэвэрлээрэй. Ингэвэл аманд нь эвгүй үнэр үүсгэж буй бактериудыг үгүй хийнэ. Маш бага хэмжээний (цагаан будааны хэмжээтэй) оо ашиглаж байгаа тул заавал усаар зайлах шаардлагагүй.
Сойзны үс муудмагц, тэр дор нь сольж байгаарай. Дөнгөж ургаж буй хүүхдийн шүдийг шүд цэвэрлэдэг утсаар цэвэрлэх ямар ч шаардлагагүй. Ихэнх хүүхдийн эмч нар тодорхой цэвэрлэж боломгүй газрууд шүдний эргэн тойронд үүссэн тохиолдолд л шүд цэвэрлэгээний утсыг ашиглахыг зөвлөдөг.
Хүүхдийн шүдэнд фтор зайлшгүй хэрэгтэй юу?
Хүүхдэд тань багахан хэмжээний фтор л хангалттай. (3 наснаас доош насны хүүхдэд шаардагдах фторын хэмжээ нь өдөрт -0.25 мг байдаг.) Энэхүү эрдэс нь хорхойтохоос сэргийлж, шүдийг бэхжүүлдэг бөгөөд аливаа хүчиллэг зүйлс болон хор хөнөөлт бактериудад илүү тэсвэртэй болгоно. Таны хүүхэд шүдний оо, ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс (хэрэв шаардлагатай бол) фторыг олж авдаг.
Хүүхдийг 6 сар хүрэхээс нааш ус уулгахгүй байхыг зөвлөж байна. Тэр хүртэл хүүхэд хэрэгтэй эрдэс тэжээл болон усны нэгдлийг хөхний сүүнээс олж авна.
Эмчид хандах уу?
Эмч нар хүүхдийнхээ анхны шүдийг ургаснаас 6 сарын дараа, эсвэл нэг насны ойгоор нь шүдний эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Түүнээс гадна хүүхдээ ерөнхий үзлэгт үе үе оруулж бай, энэ үед хүүхдийн эмч тань хүүхдийн шүдийг сайтар шалгаж байх болно. Хорхойтох магадлалаас хамааран эмч хүүхдэд тань 3-6 сар тутамд фтортой хамгаалалтын бүрхүүл түрхэж байх болно. Хорхойтох эрсдэл гэр бүлийн шүдний эрүүл мэндийн байдал, мөн эхийн жирэмсэн үед тааруу шүдээ арчилж байснаас хамаарна. Шүдний эмч дээр очиж, эмчтэйгээ уулзмагц, өмнө нь хүүхэд тань ямар төрлийн фтортой эмчилгээ авч байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөрэй.
Хүүхдийн шүдийг хорхойтуулдаг хоол хүнс: Чихэрлэг зүйлс (жимс, хатаасан жимс, жүүс, мөн газрын самрын нухаш), мөн цардуул (талх, жигнэмэг, гоймон). Эдгээр хоол хүнсийг хоолны цагаар хамт өгвөл хорхойтох магадлалыг багасгадаг. Хоолны цагаас гадуур өгөх нь хорхойтох өндөр магадлалтай юм. Түүнчлэн хүүхэддээ унтахад нь савтай юм уу найруулсан сүү, жүүс эсвэл аливаа чихэрлэг шингэн битгий уулгаж унтуулаарай