Авто замын асфальт бетон хучилт усанд урсжээ

Даваа гарагт орсон түр зуурын борооны улмаас үерийн ус авто зам дагуу урсаж замын асфальт бетон хууларчээ. Тодруулбал 11 жилийн өмнө шинэчилж өргөтгөсөн замын хучилт үерийн усанд урсаж, тээврийн хэрэгсэл явах боломж хязгаарлагдмал болсон  байна.

Замын нэг хэсгийн асфальт бетон хучилт усанд урссан бол зарим хэсгийн асфальт бетон хучилт доогуур нь ус гүйж, дээшээ хөөжээ. Нэгэнт засварлах боломжгүй учир, ус гүйсэн 200 мкв талбайн хучилтыг хуулж авлаа. Ер нь Энэ хэсгийн авто зам хуучин 2 эгнээ цемент бетон хучилттай байж. 2009 онд өргөтгөн шинэчилж, 4 эгнээ болгон, асфальт  бетоноор хучиж байжээ. Төлөвлөлтгүй барилга барьж, үерийн ус зайлуулах далан шуудуу, сувгийг орхигдуулснаас авто зам эвдрэх болсныг НАЗХГ-аас тайлбарлаж байлаа.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ганбат  “Хүлээж авч байгаа тухайн зам хэдий хэмжээний ус авах вэ гэдгээсээ шалтгаална. Замын ус зайлуулах систем бол зөвхөн замын гадаргуун дээрх усыг л зайлуулах үүрэгтэй байдаг. Улаанбаатарын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж бүгд л гадаргуу болон хөрсний усыг авто зам руу залж авто зам борооны ус зайлуулах систем шиг болсон. Стандартаараа авто замын борооны ус зайлуулах систем зөвхөн өөрийнхөө гадаргуун дээрх усаа л зайлуулах үүрэгтэй байдаг. Үерийн ус зайлуулах далан шуудуу төлөвлөөгүйгээс авто зам эвдэрч байна” гэв.

Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж авто зам эвдэрч, хохирол үүслээ гэж ойлгож тайлбарлаж болох ч нөгөө талдаа Улаанбаатар хотын төлөвлөлт ямар түвшинд байгааг илтгэнэ. Хотын төв гэж нэрлэсэн хонхор хэсэгт гэр хороолол гэж улаан шугамын цаана үлдээх өндөрлөг хэсгээс ус урсаж орж ирдэг. Дунд нь хэдэн 10 км газар байх ч үерийн усыг тогтоох ус зайлуулах шугам сүлжээ байхгүй байгааг албаныхан хэлж байсан юм.

БГД-ийн ЗЦХ-ийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Г.Отгонтамир “Усархаг борооны улмаас нэлээдгүй зам эвдэрч байна. Баянгол дүүргийн орчимд 8 газарт ус тогтсон. Нийслэлийн тохижилтын алба болон Шуурхай алба, Нийслэлийн авто замын газарт мэдэгдэн ус соруулах арга хэмжээг авч байна” гэв.

Өндөр өртөгтэй бүтээн байгуулалтын ажилд түр зуурын бороо, түүнийг шийдэх шийдэлгүй урсах үерийн ус дүн тавина. Гэхдээ эцсийн тайлбар байгалийн гамшиг. Гэвч гаднын оронд болдог гайхал гамшиг бус  20 хүрэхгүй минутын түр зуурын борооны усанд урсах, төрийн хөрөнгө оруулалттай барилга, авто замууд. Энэ сарын 11 хүртэл ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлж байна. Тэр дундаа Улаанбаатар хотод ирэх 7 хоног хүртэл бороо орох урьдчилсан мэдээ гарчээ. Харин бид дахиад л урсах уу?