Протоцератопс, Тарбозавр батаар, Гобихадросийг АНУ-аас буцаах гэрээнд өнгөрсөн жил гарын үсэг зуржээ
Монгол Улс палеолонтологийн баялаг нөөцтэй улсын тоонд тооцогддог. Дэлхийд АНУ, БНХАУ-тай энэ салбарыг өнгөлж байгаа гурван улсын нэг.
Гуравхан сая хүн амтай Монгол Улс АНУ-д эмнэлгийн тусламж илгээсэн гэсэн мэдээний араас гуравдагч хөршийн "Independent" сайтад энэ сарын 2-нд “Индианна Жонс бодит амьдрал дээр буюу хулгайлагдсан үлэг гүрвэлийн олдворыг буцаасан түүх” хэмээн нийтлэл гарсан нь үүнийг гэрчилнэ. Улаанбаатар-Сиэтлл чиглэлийн тусгай үүргийн онгоц АНУ-аас зургаадугаар сарын 24-нд буцахдаа монгол иргэдээ авахын зэрэгцээ ийнхүү хууль бусаар хил давсан байсан 65 сая гаруй жилийн настай үлэг гүрвэлийн олдворуудаа авчирсан билээ.
АНУ-д хураагдаад байсан Протоцератопс, Тарбозавр батаар, Гобихадрос үлэг гүрвэлүүдийн бүлэгт хамаарах олдворуудыг буцаан авах тухай гэрээг өнгөрсөн оны 9 дүгээр сард баталгаажуулсны дүнд өмчлөлийн эрх нь Монгол Улсын Засгийн газарт шилжээд байсан юм. “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Монголын талаас Монгол Улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, Америкийн Нэгдсэн улсын талаас Дотоодын аюулгүй байдлын яамыг төлөөлж ноён Роберт Бартоло нар тухайн үед гарын үсэг зурж байж. Тодруулбал, дээрх олдворыг буцаан авахаар 2016 оноос хойш Монгол Улсын Засгийн газраас тус улсын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж байсан гэлээ.
Гэрээ хүчин төгөлдөр болж Монгол улсын өв болох дээр дурдсан үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь Монгол Улсын Засгийн газарт шилжсэн, АНУ-д суугаа Элчин Сайдын яам олдворуудыг аюулгүй тээвэрлэж хүргүүлэх ажлыг хариуцан 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ОМ – 7802/23 нислэгээр зохион байгуулсан нь энэ юм. Ийнхүү Дэлхийн шим ертөнцийн түүхийн бодит, эх баримт болох ховор олдвор цуглуулгыг эх нутагт нь авчирч, Монгол улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг баяжигдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой хэмээн мэргэжлийн байгууллагаас дүгнэж байна.
Хууль бус малтлагын золиос болсон эдгээр олдвор нь хэзээ, хаанаас, газрын гадаргын ямар үе давхаргаас олдсон зэрэг эртний шим судлалын хамгийн чухал анхан шатны суурь мэдээлэл нь алдагдсан тул судалгаа шинжилгээгээр тэдгээрийг нь тогтоож, олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулснаар шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулах боломжтой юм байна. Тэгэхээр манай ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид уг ажлыг үргэлжлүүлэн хийх ажээ.
Монголын өвийг буцаан авсан ажиллагаанд
- ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн
- Монгол динозавр судлалын хүрээлэн
- Байгалийн түүхийн музей
- "Туушин" ХХК хамтран ажиллаж ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн салбарын ажлын хэсгээс онцолжээ.
Independent: Олдворууд дуудлага худалдаагаар хэдэн зуун мянган доллар авчирдаг хэдий ч эх орондоо бол үнэлж баршгүй өв
Ялангуяа Монголын динозавр судлалын хүрээлэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн тус хүрээлэнгийн захирал М.Болорцэцэгийн тухай нийтлэл гадаадын сайтад гарсныг бид эхэнд дурьдсан. Уг нийтлэлд, “Цар тахлын улмаас АНУ-д гацаад байсан 254 иргэний монгол иргэний хамт Тарбозавр Батаар хэмээх хоёр чулуужсан гавлын ясыг Монголын онгоц тээвэрлэн явсан бөгөөд эх оронд нь буцааж авчрахад арваад жилийн хугацааг зарцуулсан юм. Үлэг гүрвэлийн олдворууд дуудлага худалдаагаар хэдэн зуун мянган доллар авчирдаг хэдий ч эх орондоо бол үнэлж баршгүй өв юм гэж нийтлэлч Эндрю Бункомбе бичсэн байв. Тэрээр нийтлэлдээ, “Нью-Йоркт амьдардаг, палентеолич, Монголын үлэг гүрвэл судлах ашгийн бус институтийг эрхэлдэг М.Болорцэцэг нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департментын Цагаачлал, гаалийн хэрэг мөрдөх газрын алба хаагчид, хулгайлагдсан эд зүйлсийн мөрдөн байцаах ажлыг хариуцсан албан тушаалтнуудтай хамтран ажиллаж байсан . Тэрбээр хэд хэдэн удаа тэрээр Монгол Улсын Засгийн жинхэнэ өв болохыг нотлох байсан шүүхийн хэрэгт шинжээч гэрчийн үүрэг гүйцэтгэж байсан хэмээн өгүүлсэн байлаа.
Харин дээрх нийтлэлийн “гол баатар” М.Болорцэцэг өөрийн олон нийтийн хуудсандаа энэ талаар бичихдээ, “ Батаараас эхлээд би сүүлийн 8 жил динозавруудыг Монголдоо буцаах гэж хѳдѳлмѳрлѳж, зүтгэлээ. Нийт 50 хүртэл тооны динозаврыг буцааж чадлаа. Засаг энэ хугацаанд 5 солигдлоо. Динозавруудыг буцаахад амар байсангүй” гэсэн байлаа.
Монгол Улс бас нэгэн гүрвэлийг шинжлэх ухаанд шинээр бүртгүүлнэ
Палеонтологийн хүрээлэнгээс Шинжлэх ухааны академид хагас жилийн тайлангаа өгөөд байна. Үүнээс онцолбол, Дорноговь аймгийн нутагт орших Хонгил цав гэх олдворт газраас нугасан хошуут үлэг гүрвэл, маш олон махчин үлэг гүрвэлүүдийн бөөн олдвор олдсон хэмээн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) З.Бадамхатан ярьжээ. Тэрээр дээрх бөөн олдворыг онцолсон нь “Бөөнөөрөө олдоход нэг хүндрэл үүсдэг нь хэдэн сая жилийн өмнөх хуримтлагдсан хурдас вэ гэдэг нь бэрхшээлтэй байдаг. Насыг тодорхойлоход их хугацаа шаардагддаг. Өнгөрсөн хугацаанд бид насыг нь тогтоохоор ажиллалаа. Энэ талаар хамтарсан судалгаа ч хийсэн. Олон улсад эрдэм шинжилгээний тайлан хийлээ. Геологийн хувьд маш чухал судалгаа “ гэсэн байлаа.
Тус хүрээлэнгээс олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд гаднын хоёр эрдэмтэнтэй хамтраад судалгааны өгүүлэл гар бичвэрийг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхээр илгээсэн байна. Энэ нь өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ үлэг гүрвэлийн тухай маш чухал судалгааны бүтээл болж байгаа аж. Одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн толгойг Өмнөговь аймгаас илрүүлсэн. Үүнтэй ижил төрлийн амьтан тухайн цаг үеийн хурдсаас өмнө нь олдож байгаагүй гэлээ. Энэ нь урд хожид шинжлэх ухаанд танигдаж байгаагүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл бөгөөд сэтгүүлийн шүүлтүүрийг давбал Монгол Улсаас бас нэгэн үлэг гүрвэл шинжлэх ухаанд шинээр бүртгэгдэх юм байна.