ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламж, бэлэн байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Тэрээр "Манай улс өнгөрсөн хугацаанд нийт 12,075 иргэнийг тусгаарлан ажигласан. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,875 иргэн байгаа бөгөөд тэдэнд 57 эмч, 85 дадлагажигч эмч, эмнэлгийн 76 мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тусгаарлах байруудад тав хүртэлх насны 176 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 104, хорт хавдартай 24 хүн, хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн, чихрийн шижин, даралт ихсэх эмгэгтэй 328 иргэн байна.
Баянхонгор аймгаас бусад аймагт гэрийн тусгаарлалтад иргэд бий. Нэг аймагт дунджаар 4-25 иргэн тусгаарлагдсан. Харин нийслэлийн хэмжээнд 573 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Долдугаар сарын 2-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр нислэгээр 426 зорчигч, 16 нисэх багийн ажилтныг хүлээж авсан.
Үүнээс 9 иргэнийг ХӨСҮТ-д, 22 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол бусад хүнийг нь тусгаарлан ажиглах байруудад тусгаарласан.
Мөн тухайн өдөр АНУ-д зүрхний хагалгаанд орсон есөн хүүхдийг орчуулагч, асран хамгаалагчийн хамт хүлээж авсан. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна.
Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор нийт 262 иргэнийг хүлээж авсан.
Өчигдрийн байдлаар бид нийт 26 мянга гаруй сорьцод шинжилгээ хийсэн байна.
ХӨСҮТ-д нийт таван эх амаржсан. Үүнээс дөрөв нь хэвийн амарсан бол нэг эх нь хожуу, анхны жирэмслэлт бөгөөд төрөх зам нь бэлтгэгдээгүй учраас кесар хагалгаанд орсон. Одоогоор эхчүүд болон хүүхдүүдийн биеийн байдал сайн байна.
Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар 91 хүн байна. Үүнээс долоон хүн нь эрчимт эмчилгээний тасагт байгаа бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
Цэргийн төв эмнэлэг нийт 602 иргэнийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс 23 иргэн эрчимт эмчилгээний тасагт амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн бусад эмнэлэг төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлж байна.
Түүнчлэн бид эмнэл зүйн заавраа шинэчилсэн. ДЭМБ-аас хэрэглэхийг татгалзсан ДОХ-ын эсрэг эмчилгээний эмүүд болон хумхаагийн үед хэрэглэдэг эмүүдийг бид коронавирусийн эмчилгээний заавраасаа хасаж байгаа.
Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн дунд сэтгэцийн болон мэдрэлийн чиглэлээр эрүүл мэндийн зөвлөгөө авах байдал нэлээд их байна. Мөн хорт хавдрын эцсийн шатандаа байгаа тохиолдол нэлээд байгаа учраас эмнэл зүйн заавартаа нэмэлтээр эдгээр эмгэгийн үеийн тусламжийн заалтуудыг оруулсан.
Иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан өргөдөлдөө өөрийн эрүүл мэндийн байдлыг бичих нь бидний бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой" гэв.