Үндэсний их баяр наадмын шагайн харваанд оролцогчдын хэсгийн сугалаа боллоо

Ардын хувьсгалын 99 жил, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны хэсгийн сугалаа боллоо. Энэ жилийн наадамд шагайн харвааны нийт 82 багийн 700 гаруй харваач оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Энэ жил Дээлтэй монгол наадам хийхгүй, шагайн харвааг ТВ болон онлайнаар үзүүлэхээр болсон. Шагайн харвааг “13-р зуун” байгалын цогцолборт газрын төв талбайд хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

“ТВ8” телевизийн нэвтрүүлгийн албаны дарга Д.Ганмягмар “Дэлхий нийтээр коронавирус гарсантай холбоотойгоор улс үндэсний их баяр наадмаа бүх нийтээр тэмдэглэхгүй онлайнаар тэмдэглэж байгаа. Энэ жилийн наадмыг Монголын телевизүүдийн холбооны 16 телевиз хамтран төрөлжүүлэн хүргэх гэж байна. Манай TВ8 телевиз дээр UBS, SBN, Eagle TV хамтран шагайн харвааг шууд дамжуулахаар бэлтгэлээ хангаж байна. Өнөөдөр бид шагайн харвааны нэвтрүүлгийн хэсгийн сугалааг шууд дамжуулан хүргэж байна. Хэсгийн сугалааны шууд дамжуулалтын явцад 82 баг оролцлоо. Гарамгай, цэц мэргэдтэй 82 баг 14 хэсэгт орж цэц мэргэнээ сорихоор хэсгийн сугалаагаа шодож байна. Эхний 12 хэсэгт 6 баг өрсөлдөж байгаа. Сугалааны явцыг харахад чанга багууд учраа таарч байна” гэв.

14 хэсгийн эхний 12 хэсэг нь 6 багтай, сүүлийн 2 хэсэг нь 5 багтайгаар хуваагдахаар төлөвлөжээ. Энэ жил шагай харваанд оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн алба хаагчид байнгын хяналт тавьж ажиллахаар болсон юм.