Ж.Батбаясгалан: Монгол наадмыг бүрэн зураглалаар үзэх боломж бүрдэж байгаа

Нийтээр тэмдэглэх баярын өдөрт Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг хамааруулдаг. Тэр утгаараа долоодугаар сарын 11-15-нд бүх нийтээр амарна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан долоодугаар сарын 11-ний бямба гарагаас 15-ны лхагва гараг хүртэл хуульд заасны дагуу бүх нийтээр амарна. Гэхдээ цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг зохион байгуулж байгаа учраас холбогдох төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд ажиллана гэдгийг холбогдох албан тушаалтан хэлж байна.  

Үзэгчгүй гэж хэлэхээсээ илүү теле наадам учраас бүүр ч их үзэгчтэй наадам болно

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хуулиараа амралтын өдөр байгаа. Тиймээс иргэд амарна. Харин тодорхой наадамд оролцож байгаа төрийн захиргааны байгууллага болон төрийн үйлчилгээний байгууллагын зарим албан хаагчид ажиллана. Төрийн нийтэд үйлчилж байгаа байгууллагын албан хаагчид амарна.

Үзэгчгүй гэж хэлэхээсээ илүү теле наадам учраас бүүр ч их үзэгчтэй наадам болно. Өмнө нь Төв цэнгэлдэхэд 15 мянган хүн үздэг байсан бол энэ жил дэлхий даяар байгаа хүмүүс Монгол наадмыг бүрэн зураглалаар үзэх боломж бүрдэж байгаа. Жишээ нь нэг суваг дээр бөхийн бүрэн мэдээлэл бөхийн барилдааныг үзүүлэх бол нөгөө суваг дээр сорь, сур, шагайн харваа гээд дэлхийд ганцхан Монгол наадмыг үзэх бүрэн боломжтой болж байгаа” гэв.                

Энэ жилийн баяр наадмыг 13-р зуун цогцолборт зохион байгуулахаар болсон. Гэхдээ иргэд олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй тулд телевизүүдийн холбоотой хамтран теле наадмыг шууд дамжуулан хүргэх шийдвэр гаргаад байгаа юм. Тийм учраас иргэд наадам зохион байгуулж байгаа газар руу зорчихгүй байхыг зөвлөж байна.  

Энэ жилийн хувьд монголчуудын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нийт 15 байгаа бол түүний 12 нь ажлын өдөр таарч байгаа юм.