Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 11.6 сая хүн өвчилж, 539 мянга гаруй хүн нас баржээ. 6.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5 сая энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 138 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ.
24 цагийн хугацаанд АНУ-д 44 мянга шинэ тохиолдол бүртгэгдсэн. Мөн Бразилд 20 мянга шинэ тохиолдол бүртгэгдэсн бол Энэтхэгт дахин 24 мянган шинэ тохиолдол бүртгэгдэн нийт тохиолдол 697 мянгад хүрч дэлхийн хэмжээнд өвчлөлийн тоогоороо ОХУ-ын урд орлоо. Энэтхэгт нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. Олон оронд өвчлөл огцом нэмэгдсэн нь хөл хориог огцом сулруулсан нь нөлөөлсөн гэж эрдэмтэд үзжээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6611 хүн шинээр халдвар авч, 135 хүн нас барсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 41-75 тохиолдлоор нэмэгдсэн байна.
24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д гадаадаас Австрали, Швед улсаас хоёр иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан.
ДЭМБ-аас байнга анхааруулж байгаа зүйл бол энэ цар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцоо чухал. Мөн хувь хүний хариуцлага, амны хаалт зүүн, гараа байнга угаан зай барих арга хэмжээг мөрдөх нь хамгийн зардал багатай үр дүнтэй арга гэдгийг онцгойлон сануулсан” гэв.