УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдсэн юм. Үүний дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц батлах тухай асуудлыг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найм, нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах юм. Мөн Засгийн гззрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм байна.
Ийнхүү УИХ Засгийн газрын бүтцийг нь баталсан учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр ажиллуулах саналаа УИХ-д танилцуулан томилох юм.