"Алсын хараа 2050" хөгжлийн бодлогыг үе шаттайгаар санхүүжүүлэн хэрэгжүүлнэ

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаарт ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Уг тогтоолын хавсралтад Монгол Улс 2050 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт шинжилгээ-үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгсөн. 

    Мөн Монгол Улс ирэх 30 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилгын хүрээнд 50 зорилтыг дэвшүүлж, үе шат бүрд хүрэх үр дүнг тодорхойлон, хэрэгжүүлэхээр тусгаад байна.

    “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр үе шат буюу 2030 он хүртэлх хугацааны хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүрэн тусгасан ба зарим үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг дахин тооцоолж шинэчлэн тусгасан.

    Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод таван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнд нь үндэслэн дараагийн үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн үе шатны хүрэх үр дүнтэй нь нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах юм.

    Энэ тогтоолд тусгагдсан урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. атомын станц хүсээд байх эд биш нэг л алдаа хийвэл сүйрдэг

    0 0 Хариу бичих
  2. Атомын цахилгаан станцаа хэдийнээс хэрэгжүүлэх вэ? Мэргэжилтнүүдээ бэлдэх хугацаа, дадлагажуулах юмнууд тооцсон байгаа?

    0 0 Хариу бичих