Улсын хэмжээнд тусгаарлах өрөөнд нэг сурагч ЭЕШ-аа өгчээ
Энэ жил улсын хэмжээнд 85 байранд элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 2-оос 5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Коронавирусийн халдвараас сэргийлэх түр журмын хүрээнд халдварын сэжигтэй тохиолдол гэж үзсэн сурагчийн тусгаарлах өрөөнд шалгалтыг нь авахаар болсон. Улсын хэмжээнд нэг сурагчийг сэжигтэй гэж үзэн, тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь авсан байна.
Тусгаарлах өрөөнд шалгалт өгсөн сурагчаас тусгай хамгаалалтын хувцастай багш шалгалт авсан байна. Шалгалтын дараа харьяа эрүүл мэндийн төв рүү нь шилжүүлжээ.

Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “Энэ жилийн ЭЕШ-ыг эрүүл ахуйн онцгой дэглэм дор зохион байгуулсан. Гол шалгалтын байранд ажиллаж байгаа багш нар болон шалгалт өгч байгаа бүх хүүхэд заавал амны хаалт зүүн, нэг удаагийн бээлий хэрэглэн анги танхимын ариутгал цэвэрлэгээг заавал хийн агааржуулалт тогтмол хийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж шалгалтын үйл ажиллагааг дуусгасан. Шалгалтын явцад хүүхдүүдийн үүсгэж байсан хамгийн бэрхшээлтэй асуудал бол шалгуулагч хүүхэд бичиг баримтаа гээсэн, үрэгдүүлсэн асуудал их гарлаа. Тухай бүрд интернеттэй анги танхим бэлдэн хүүхдүүдийн орхигдуулж, гээгдүүлсэн суудлын хуваарь, бүртгэлийн хуудсыг газар дээр нь хэвлэж өгөх ажлыг зохион байгуулсан. Мөн иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн хүүхдүүдийн иргэний бүртгэлийн лавлагаа, хорооны засаг даргын тодорхойлолт, сургуулийн захирлын тодорхойлолтыг орлуулж шалгалтад хамрууллаа” гэлээ.
Улсын хэмжээнд 30900 гаруй сурагч 99137 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Улмаар 91750 шалгалт өгсөн бөгөөд шалгалтад хамрагдалт 89,3 хувьтай байжээ.
Өмнөх жилүүдэд 50 байранд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ жил 85 байранд зохион байгуулсан. Мөн коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс 115 мянган ширхэг бээлий, 35 мянга гаруй амны хаалт зэргийг Боловсролын үнэлгээний төвөөс бэлдэж ажиллажээ.