Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ.
Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн гззрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгасан байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Улмаар байнгын хорооны хуралдаанд хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал дэмжигджээ.
Өнөөдөр 9 цагт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн батлуулна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх Ерөнхий сайдын зөвшилцөх саналд хариу өгөхдөө хэд хэдэн асуудлаар санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд байна. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд хамруулсан үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам байгуулах, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн яам байгуулах, Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах саналаа илэрхийлжээ.
Харин Ерөнхий сайдын өргөн барьсан төслөөр Засгийн газар дараах бүрэлдэхүүнтэй ажиллана.