УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуульд зааснаар Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг, Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг, Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцах чиг үүрэгтэй.

Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг дэмжив. Мөн Нутгийн удирдлагын дэд хороог УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Г.Ганболд, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын, Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.