Германы оркестрт эгшиглэсэн монгол аялгуу буюу Гүнтэр Рафаэлын “Явна аа”

1948 он. Нацистуудын хавчлага мөрдлөг, хүнд хэцүү өвчнийг сэтгэлийн хатаар давсан Германы нэрт хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэл тэр жил Франц Листийн нэрэмжит шагналыг хүртэж, хөгжмийн ертөнцөд эзлэх байсан (эзэлсэн байсан) байр сууриа эргэн олж авсан билээ. Шагнал хүртсэн жилээ эхнэртэйгээ хамт хос төгөлдөр хуураар тоглоно хэмээн хэд хэдэн монгол дууны аяыг оркестрт зориулан найрал хөгжмийн чуулбар болгон бичсэн ажээ. “Явна аа” буюу Jabonah хэмээн нэрийдсэн чуулбарынхаа төгөлдөр хуур, хийлд зориулсан хувилбарыг 1951 онд зохиов. Энэхүү нийтлэлд ямар монгол дууны ая, ямар замаар явсаар Германы алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлд шингэсэн тухай өгүүлэх юм. Үүний тул юуны өмнө нэгэн дани эрийн тухай өгүүлэх хэрэгтэй. 

Хэннинг Хаслунд-Кристэнсэн гэж хэн бэ?

Монгол улсад олон жил аж төрж, аялж, судалгаа хийж асан Дани улсын нэрт аялагч, аяллын зохиолч, угсаатан зүйч Хэннинг Хаслунд-Кристэнсэн нь 1896 оны 8 сарын 31-ний өдөр Копэнхагэн хотноо Вангийн дуурийн театрын жүжигчний гэр бүлд мэндэлжээ. Монгол дуу хуурыг хожмоо шимтэн судалсан нь хөгжмийн өндөр боловсролтой гэр бүлд төрж өссөнийх нь учир буй заа. Гимнази төгсөөд Данийн Цэргийн академид суралцаж, 1918 онд бага дэслэгч цолтой төгссөнөөр зэвсэгт хүчний шинэ залуу офицер болсон ажээ.

Хориод оны эхээр Хэннинг Хаслунд Олимпийн медальт гимнастикчин Карл Крэбстэй танилцсанаар амьдрал замнал нь Монголтой холбогдсон юм. Карл Крэбс гэж Хаслундаас хэдхэн ах залуу 1913 онд Анагаахын сургууль төгсөж эмч болоод, 1914 онд Хаслундаас дөрвөн жилийн өмнө цэрэгт татагдаж, мөн бага дэслэгч цолтой болоод байсан юм. Оюутан ахуйдаа 1912 оны Олимпод Данийн гимнастикийн эрэгтэй чөлөөт үзүүлбэрийн багийн гишүүнээр оролцож, хүрэл медаль хүртсэн ажээ. Крэбсийн санаачилсан “Булган тал” хэмээх төслийн шалгаруулалтад Хаслунд тэнцэж, хоёр залуу ганзага нийлэн, Монгол улсыг зорьж, Хөвсгөл аймагт суурьшсан нь 1923 оны явдал билээ.

Крэбс Хаслунд нарын даничуудын ажил хэрэг бүтэмжтэй байж, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-үүр сумдад мал аж ахуй, газар тариалан эрхлэхийн зэрэгцээ үслэг ангийн наймаа зэргийг ид хөгжүүлж байх тэр цагт Зөвлөлт Оросын нөлөө гүнзгийрч, Монголоос гадаадын бүх бизнесийг шахан гаргах, ганц өөрийн нөлөөн доор байлгах бодлого хэрэгжиж эхэлснээр 1926 онд ганцхан Карл Крэбс үлдэж, бусад бүх даничууд аж ахуйгаа орхин нутгаа зорьжээ.

Хаслунд харин Монголд, монгол ахуй соёлд, ялангуяа монгол дуу хөгжимд нэн хайртай болсон тул Монголоос тийм амар салсангүй, Шведийн нэрт аялагч, судлаач Свэн Хэдиний аяллын багт элсэж, 1927-1930 онд Өвөр Монгол, Шинжааны нутгаар аялан, голдуу монгол дуу хөгжим судалсан юм. 1936-1937 онд өөрөө харин аяллын ахлагч болж, Данийн Үндэсний Музей, дараа жил нь Данийн Вангийн Газар Зүйн Нийгэмлэгийн экспедицийг тус тус ахлан, Өвөр Монголд ахин иржээ. Энэхүү аяллынхаа үр дүнг “Монголчуудын дуу хөгжим, 1-р хэсэг, Зүүн Монгол” (The Music of the Mongols: Part I, Eastern Mongolia, Tryckeri Aktiebolaget Thule, 1943) хэмээх ном болгон 1943 онд гаргасан буй. Харамсалтай нь энэ номын 2-р хэсэг ер хэвлэгдээгүй, учир нь Хэннинг Хаслунд 1946 онд Афганистанаас Төвөд хүрэхээр аялж яваад нас барсан юм.

Зураг 1. Хаслундын “Монголчуудын дуу хөгжим” номын чимэг зураг. Хаслундтай аялсан Загат ханы Лодой лам зуржээ.

Дуунд дуртай Хаслунд

Хаслунд Монголд аж төрж байсан тухайгаа Jabonah хэмээх ном болгон хэвлүүлсэн, энэ номыг орчуулагч Б. Баярсайхан монгол хэлээр гаргасан буй, энд Б. Баярсайханы орчуулгаар эш татах болно. Номын чимэг болгон монгол дууны ноотыг хадсан нь сонирхолтой, мөн дуу, хөгжим, бүжгийн талаар олон сонирхолтой баримт оруулжээ. Жишээ нь морь уралдах тухай хэсэгтээ “Миний Монголд байх хугацаандаа цуглуулсан 42 дууны багадаа 17 нь морины тухай дуу байв. Эдгээр дуу нь “Зөөлөн ялдамхан харлаг”, “Соотон чихтэй хул” гэх мэт нэртэй агаад монголчуудын морио хайрлах чин сэтгэлийн илрэл юм” (Хеннинг Хаслунд-Кристенсен, “Явна аа”, Travel Classic Book, Орчуулагч Б. Баярсайхан, 2013 он, 136-р тал, цаашид энэ номыг Хаслунд “Явна аа” хэмээн эш татах болно) гэжээ.

Түнхэнд явж байхад нь хоёр буриад охин хэдий үйлдвэржиж, хотожсон боловч “хүүхэд ахуйгаа арай мартсангүй, миний гуйлтаар уйтгар гунигтай дуугаа дуулж, уламжлалт бүжиг биелгээгээ намбалаг гоё хийж харуулсныг” (Хаслунд “Явна аа”, 268-р тал) олзуурхан дурдаад тэрхүү бүжгийн аялгууны ноотыг хавсаргажээ.

Хөгжмийн тухайд биш, зүгээр Монголд аялсан тухайгаа бичсэн номд нь энэ мэт сонин баримт олон байгаа бол Монгол хөгжмийн талаар тухайлан бичсэн ном, ялангуяа олон сайхан дуу бичиж авсан, хөгжмийн зэмсэг цуглуулсан зэрэг нь гайхамшигтай. Манай судлаачид Хаслундын цуглуулгатай очиж танилцсан, дууных нь цуглуулгыг сэргээх төсөл хэрэгжүүлж буй гэнэ. Тиймээс энд тэр тухай дэлгэрэнгүй өгүүлэхгүй, харин Германы оркестрт эгшиглэсэн монгол аялгууны талаар одоо ярилцъя.

Зураг 2. Хаслундын цуглуулгаас. Өдгөө Дани улсын Үндэсний музейд хадгалагдаж буй. 

Гүнтэр Рафаэл гэж хэн бэ?

Германы нэрт хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэл (Günther Raphael) 1903 оны 4 сарын 30-ны өдөр Берлин хотноо мэндэлжээ. Эхийнх нь талын өвөө болох Албэрт Бэкэр (Albert Becker) Германы эзэнт гүрний нийслэлийн гол сүмийн хоорын удирдаач, нөлөө бүхий хөгжмийн зохиолч хүн байжээ. Бэкэр өвөөгийнх нь шавь нарын дотор алдарт хөгжимчин, удирдаач Карл Страубэ, Финландын нэрт хөгжмийн зохиолч, өнөө хөгжмийн ноот бичдэг программд нэрээрээ мөнхөрсөн Ян Сибэлиус, мөн Гүнтэрийн эцэг Георг Рафаэл нар байв. Гүнтэрийн эцэг Георг уг нь еврей худалдаачны гэрт төрсөн боловч Бахын хөгжимд дурласнаасаа болж, Лютерийн шашинд орж, Берлинд сүмийн хөгжимчин болсон ажээ. 

Бага наснаасаа ээжээрээ хөгжим заалгаж, хөгжмийн онолыг бие даан үзсээр 18 насанд хүрэхдээ хэдийн хөгжмийн зохиолч болсон байлаа. 1922-1925 онд Берлиний Хөгжмийн Коллежид суралцаж төгсөв. Өнөө өвөөгийнх нь шавь, алдарт Карл Страубэ Рафаэлын бүх бүтээл, тоглолтыг үзээд сэтгэл нь бүрнээ ханаж, хорин гуравхан настай залууг Лайпцигийн Улсын Консерваторийн багшаар авсан гэдэг. 1926 онд анхныхаа симфонийг гаргаж алдар нэр нь түгжээ. 

Харамсалтай нь, Хитлэр 1933 онд засгийн эрхэнд гарснаар залуу уран бүтээлчийн амьдрал бүтээл нэн хүнд байдалд оров. Еврей эцэгтэй түүнийг Хитлэрийн засгийн газар хавчин шахаж, Консерваторийн багшийн ажлаас нь хөөлөө. Хувиараа хичээл заадаг байсныг нь хүртэл мөрдөн хяхсаар үгүй болгож дөнгөв. Цөллөгөнд шахуу амьдарч байхдаа 1937 онд сүрьеэ өвчинд нэрвэгдлээ. Үхэхийн даваан дээр алдарт хүргэсэн хөгжимчин, хөгжмийн зохиолч шавь нар нь арга чарга олж, 1944 онд мэс засал хийлгэн, амь насыг нь аварчээ. Энэ бүх хүнд хэцүү жилүүдэд Гүнтэр Рафаэл уран бүтээлээ огт орхиогүй, бүтээж туурвисаар байсан нь гайхалтай.

Дайн дуусаж, Гүнтэрийг нөмөрсөн хар хэлмэгдүүлэл сарнив. Өнөө хөөж байсан Лайпцигийн хөгжмийн сургуулиас ахин багшлаач хэмээсэн урилга ирсэнд хүлээн авсангүй, харин Дуйсбург хотын коллежид багшилжээ. Дахин нэг хагалгаанд орсноосоо хойш 1957 оноос Көлний хөгжмийн коллежид багшилж байгаад 1960 онд нас барсан байна. Сэтгэл санааны болоод эрүүл мэндийн хүнд бэрх зовлон бүхий богинохон насыг наслахдаа Гүнтэр Рафаэл 5 бүтэн симфони, төгөлдөр хуур болон хийлд зориулсан концертууд, утсан хөгжмийн зургаан квартет, утсан болон үлээвэр хөгжмийн гоцлол хийгээд дуэт бүтээлүүд, богино хэмжээний олон арван бүтээл туурвиж үлдээжээ. 

Зураг 3. Гүнтэр Рафаэл

Гүнтэр Рафаэл монгол хөгжимтэй холбогдсон нь

Алдарт хөгжмийн зохиолчийн монгол дуу хөгжимд дурласан шалтгаан нь эхнэртэй нь холбоотой юм. 1934 онд Гүнтэр төгөлдөр хуурч Паулинэ Ессэн хэмээх дани шавьтайгаа Копэнхагэн хотноо гэрлэжээ. Паулинэ тэгэхэд Германы Мэйнингэн хотноо багшилж байсан учраас хоёул тийшээ нүүж, Дагмар, Кристинэ гэж хоёр охинтой болсон байна. 

Дани хөгжимчин бүсгүй Паулинэ нутаг нэгт Хэннинг Хаслундын бүтээл цуглуулгатай анх танилцжээ. Тэгээд ихэд сонирхон хөгжмийн зохиолч нөхөртөө үзүүлсэнд Гүнтэрт ч Хаслундын бичиж авсан дуунууд машид таашаагдаж, хөгжмийн зохиолдоо оруулсан байна. 

Энд Гүнтэр Рафаэлын тэрхүү монгол дууны аялгуу бүхий 66а дугаартай чуулбарын талаар хөгжмийн шүүмжич Фрэдрик Пашла-гийн бичсэнээс эш татъя: “Монголын бүжгийн хөгжмийн чуулбар Ябуна 66а бүтээлийн хийл төгөлдөр хуурт зориулсан хувилбарын тухайд бол тухайн үед Германд огт танигдаагүй байсан монгол хөгжмийг танилцуулахад үнэтэй хувь хувь нэмрээ оруулсан юм... Монгол хөгжим бол гайхамшигтай. Ямагт пэнтатоник (таван өнгийн) байх бөгөөд богино хэсгүүдийг олондоо давтсан маягтай. Агуулгын хувьд тэр бүх дуу монгол ахуй амьдрал хийгээд монгол уламжлалыг илтгэнэ. Монголд хөгжмийн хамгийн чухал зэмсэг нь хоёр болон дөрвөн утастай хуур байжээ. Одоо хүртэл чухал хэвээрээ ч байж магадгүй юм. Рафаэл оркестрт зориулсан уугуул хувилбараа 1948 онд эхнэртэйгээ хамт тоглохоор хос төгөлдөр хуурт бичсэн бол 1951 онд төгөлдөр хуур хийлийн хослолоор мөн туурвижээ. Энэ сүүлийн хувилбар нь маш хэцүү, жишээ нь дөрвөн хуруугаар тоглох наймц оруулжээ” (Günter Raphael Violin Concerto No.2 Works for Violin, 24-р тал) гэжээ.

Зураг 4. 1952 онд Германд хэвлэгдсэн Гүнтэрийн клавиер: Явна аа


Монгол аялгуугаар оркестрт зориулан бүтээсэн бүжгийн чуулбар 66а (1948)

1952 онд дэлхийн хөгжмийн хамгийн анхны хэвлэлийн газруудын нэг Брэйткопф & Хартэл (Breitkopf & Härtel) Гүнтэрийн “Ябона” (Явна аа) чуулбарыг ноот тайлбарын хамт герман англи тэл хэлээр хэвлэн гаргажээ. 4 сэдэв хэсгээс бүтсэн нийт 12 минут 24 секундийн урттай энэхүү чуулбарыг хэвлэн нийтлэгчид оршилдоо ийн тайлбарлаж:

“Ябона буюу Явна аа хэмээсэн монгол үг нь “Хөдөлцгөөе” гэсэн утгатай бөгөөд монголчууд үүнийг бүхий л төрлийн ажил үйл, аян замыг эхлэхэд уриалан хашгирах дуун болгон хэрэглэдэг юм. 

Эхний хэсэгт хоёр монгол аялгууг багтаасан нь:

Дээрэмчин гүнж                  2. Илдтэй бүжиг

Хоёрдугаар хэсэгт хоорондоо төс бүхий хоёр аялгууг оруулсан нь:

Мөргөлчин                           2. Хайрын дуу

Гуравдугаар хэсэг нь: 

“Жаахан харлаг морь” гэсэн нэртэй бөгөөд бүрээн дуудлагаар эхэлнэ. Аязын темп, ритм аль аль нь Төвөд хүрэх жингийн хэмжээстэй хөгжмийн нэр томьёоны утгаараа дүйцэх бөгөөд тэрэгт хөллөсөн мал адгуус, сарлагийн газар дэвсэх чимээ, удаан боловч үргэлжид урагш тэмүүлэх хөдөлгөөнийг хөгжмийн хэлээр өгүүлсэн болно. Аязын явцад хоёр жин хоёр талаас тааран огтлолцох юм.

Дөрөвдүгээр хэсэгт

“Арван хоёр жил” дууны аяыг хэрэглэжээ. 

Энэ бүх дууны аяыг Данийн зохиолч, Монгол Төвөдөөр аялагч Хэннинг Хаслунд Кристэнсэний “Ябона” хэмээх номын Инсэл-Вэрлаг хэвлэлийн газраас гаргасан герман орчуулгаас авсан болно. 

Чуулбарын дөрвөн салангид аязын гарчиг нь:

“Дээрэмчин гүнж”, “Мөргөлчин”, “Жин”, “Замд гарахуй” 

(Raphael, Günter, Jabonah, eine Ballet-Suite nach mongolischen Weisen für Orchester, op. 66 (1948) Für Violine und Klavier, op. 66a (1951) übertragen vom Komponisten. = A ballett suite on Mongolian melodies, for orchestra. Wiesbaden, Breitkopf & Härtel [1952], 1-р тал)

Зураг 5. Гүнтэрийн дээр дурдсан чуулбарын герман хэвлэлийн нэгэн хуудас: Дээрэмчин гүнж

Эцгийнхээ бүтээлийг амилуулсан Кристинэ Рафаэл

Кристинэ Рафаэл Германы Мэйнингэн хотноо Гүнтэр Рафаэлын хоёр дахь охин болон мэндэлжээ. Хийл хөгжмийг албан ёсоор арван гурван наснаасаа сурч эхэлсэн боловч бараг мэдээ орох цагаасаа сонирхон дурлаж өссөн гэдэг. Гэвч өвчин зовлон, дайн тулаан, хардлага хавчлага гээд эцэг эх хоёрт нь охиныхоо сонирхлыг багаас нь дэмжих боломж гарахгүй л байж. Хожмоо харин Гүнтэр охиныхоо хөгжмийн боловсролыг хождуулсандаа харамсан, аль чадах бүхнээрээ дэмжсэн, охин нь ч гаргууд хөгжимчин болсон бөлгөө. Гүнтэр өөрийн шавь-анд нь болох Күрт Хэссэнбэргт охиноо захиж бичсэн захидалдаа “Хийлээр бол үнэхээр төрөлхийн гаргууд авьяастай охин юм шүү” хэмээн тодорхойлсон нь бий.

Эцгийнх нь үхэл залуу охины амьдралд хүнд цохилт болжээ. Хатуу хахир санагдах тэр цагт хөгжмөөрөө л хань хийсээр хөгжмийн олон алдартай сургуулийн бүхий л зэрэг шатыг дан тэтгэлэг шагналтайгаар төгссөөр алдартай хөгжимчин болсон юм. Тэрбээр оркестрын гоцлол хийлчээр Европын бараг бүх улс, Канад, Америк, Өмнөд Африк, Баруун Африк, Японд айлчлан тогложээ. Германд болон гадаад улсад олон бичлэг хийлгэсэн, ингэхдээ ихэвчлэн эцгийнхээ хөгжмөөс тоглодог байв. Чухам тийн бичүүлж байхдаа Кристинэ эцгийнхээ “Явна аа” хэмээх чуулбарыг төгөлдөр хуурч Эрнст Грөшэл-тэй хамтран бичүүлсэн, тэр бичлэгийг нь хийлийн бусад бүтээлтэй нь нийлүүлэн бүр хожуу буюу 2010 онд, Кристинэ Рафаэлыг нас барснаас хоёр жилийн дараа “Гүнтэр Рафаэлын хийлийн концерт №2” нэрээр хөгжмийн ялтас болгон гаргасан байна. Худалдаанд гарсан энэ ялтаснаас та бид Германы оркестртой эгшиглэсэн монгол аялгууг сонсох боломжтой, энд харин одоо хөгжмийн зохиолч Халхын Эрхэмбаярын чуулбарыг сонсоод төрсөн сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцъя.

Зураг 6. Кристинэ Рафаэл

Европын хөгжмийн урлагт дуурссан монгол аялгууг сонсохуй

Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хэннинг Хаслунд-Кристенсен Монголоор аялж, аж төрж байх хугацаандаа Монгол ардын олон арван дууг цуглуулан тэмдэглэж үлдээсний зарим нь дэлхийн хөгжмийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэж өнөөг хүртэл Монголын маань нэрийг тодолсоор…Түүхэн талаас нь М. Саруул- Эрдэнэ доктор өгүүлсэн тул би зөвхөн хөгжмийн илэрхийлэл талаас нь, олон нийтэд хүртээмжтэй, энгийнээр товчхон өгүүлсү! Цаашид хөгжмийн түүх судлаачид нарийвчлан авч үзэх буй заа.

Хөгжмийн зохиолчийн бүтээл нь зургаан монгол дууг ашигласандөрвөн хэсгээс бүрдэлтэй юм. Хийл, төгөлдөр хуурт зориулсан тодорхой сэдэвт агуулгын дор энгийн хоёр ангит хэлбэрээр бичсэн байх бөгөөд сэдвийн нэр бүрд тохирсон 4 өөр шинж төрх илэрхийлэлтэй байгаа нь Хаслундын “Явна аа” хэмээх номын агуулгыг хөтөлбөр болгон ажилласныг нь батлах мэт.

1-р хэсэг: “ДЭЭРЭМЧИН ГҮНЖ”“Улаан гүнж” (Сарт-Узбекийн ардын дуу) гэж номд тэмдэглэгдсэн боловч яах аргагүй монгол аялгуу бол мөн байна. Үүнийг бүжгийн хэмнэлд оруулж, монгол нутгийн “ДУУТ БҮЖИГ”-ийн аялгуутай хоршуулан найруулж хэрэглэсэн нь хөнгөн, сэргэлэн, цоглог шинж төрхийг илэрхийлэхийн сацуу таван өнгөт дэвсгэр хөг нь агуулгыг тодотгоход хүчтэй нөлөөлсөн байх юм. Нөгөө талаас авч үзвэл дээрх дуунууд нь хөгжмийн зохиолчийн хувьд хувилбар болгож хөгжүүлэн ашиглахад бүрэн боломжтой баялаг, тансаг аялгуу болох нь харагдаж байна.

2-р хэсэг: “МӨРГӨЛЧИН”, “ХАЙРЫН ДУУ” (Монгол ардын дуу)-г ашиглаж энгийн давталттай 2 ангит хэлбэрийн бүтээл болгон зохиомжилжээ. Эхний аялгууны уянгалаг байдлыг ашиглан төгөлдөр хуурын доод чалхны өнгө, хэмнэлээрдүнсгэр, бодролын шинж төрхийг илэрхийлсэн ба түүний хойноос залгуулан өнөө хүртэл Шинжаан нутгийн монголчуудын дунд дуулагдсаар байгаахөгжилтэй, цоглог аялгуутай “БӨМБӨРЖАН” дууг хийл хөгжмөөр эгшиглүүлж, сэтгэлийн догдлолыг үзүүлээд зогсохгүй тайлал хэсэгт төгөлдөр хуурын аялгуу явж байхад хийл хөгжмөөр нэгэн хэмнэл аялгыг давтан давтан эгшиглүүлсэн нь хүнийамьдрал, бодол санаа хязгааргүйг илтгэх мэт сонирхолтой юм.

3-р хэсэг: “Жингийн цуваа” гэж нэрлэмээр энэ хэсгийг Монгол ардын дуу “ЖААХАН ХАРЛАГ МОРЬ” гэдэг дуунаас сэдэв авсан бөгөөд төгөлдөр хуурын аялгуу, хэмнэлээр бага зэрэг сэтгэлийн зовнил түгшүүрт байдлын илэрхийлэл явж байтал хийл хөгжмийн аялгууг хөндлөнгөөс оруулж ирснээр сэтгэл зүйн зөрчлийг харуулж чадсан төдийгүй хэмнэл нь дуудлага аястай болж өрнөнө. Эргээд сэтгэлийн зовнил үргэлжилж байгаа нь тухайн нийгмийн байдлын тусгал гэлтэй. 

4-р хэсэг: Өнөө хүртэл өвлөгдөж ирсэн бидний сайн мэдэх “АРВАН ХОЁР ЖИЛИЙН МАГТААЛ” дууны аялгууг ашиглан хийл, төгөлдөр хуур хөгжмийн дуугарахуйн онцлог шинж төрхийг харьцуулан харуулахын зэрэгцээ аялгууны төгс, бадрангуй чанарт тулгуурлан харилцан яриа хүүрнэл хэлбэрээр утга санааг илэрхийлсэн ба энэ дуугаар хөгжмийн зохиолч дээрх дуунуудыг ашиглаж анх бичсэн симфони чуулбарын зангилаа төгсгөл буюу тайлал болгосон мэт санагдана. Монгол дуу ийнхүү Европын хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг уншигч та бүхэн мэдээд авахад илүүдэх юун байх вэ?

“Бөмбөржан”-ы “Тохой зандан модондоо” хэмээх хувилбар

Гүнтэр Рафаэлын чуулбартаа ашигласан, Хаслундын бичиж авсан зургаан монгол дуунаас лавтайяа хоёр нь бидний үед дуулагдсаар ирж. “Арван хоёр жилийн магтаал”-ын хувьд нийт Монгол даяар хүүхэд шуухад, хөгшин хөвөөгүй дуулж буй. Харин Хоёрдугаар хэсэгт тоглож буй “Хайрын дуу” гэдэг нь та бидний мэдэх “Бөмбөр минь” хэмээх дуу мөн байна. Гэвч энэ нь сүүлийн үед төв монголчуудын дуулаад байгаа “Бөмбөр минь дээ хө” хэмээн дуусгаж буй тэр хувилбар нь биш юм. Төв Монголоор тархсан тэр аялгууг нь та бид “Мөнгөн буйл” кинон дээр жүжигчин Дорлигжавын “Азын тэнгэр байвал даа, Гочоо минь ээ хө” гэсэн аялгуугаар мэдэх билээ.

Харин Хаслундын бичиж аваад, Гүнтэрийн бүтээлдээ ашигласан тэр хувилбар нь бол өдгөө Баруун Монголд дуулагдаж байгаа хувилбар, яг энэ хувилбарыг монголчууд “Сүхбаатар” кинон дээр “ховдог” хэмээх Гомбын дуулж буйгаар мэдэх билээ. Энэ хувилбарт “Бөмбөр минь ЭЭ ХӨ” гэж уртаар уянгалуулан сунжруулдаггүй, харин “Бөмбөр минь...” хэмээн огцом дуусгадгийн үгийг толилуулбал:

Тохой зандан модондоо, Бөмбөр минь

Толгойн сүүдэр дайрна даа, Бөмбөр минь

Тоотой хоногийн болзоондоо, Бөмбөр минь

Тоогүй муухай даслаа даа, Бөмбөр минь

Тэгвэл Шинжааны монголчууд өдгөө хүртэл яг энэ сүүлд дурдсан Гомбын дуулдаг хувилбараар, “Бөмбөржан” хэмээх нэрээр дуулсаар байгаа юм. Хаслунд номдоо “Бөмбөржаа” хэмээн тэмдэглэн аваад Бмөбөржаа хэмээх эрийн хайрын түүхийг товч дурджээ (Хаслунд “Явна аа”, 228-р тал). Шинжааны монголчуудын орчин цагийн хувилбарын үгийг толилуулбал:

Бөмбөржан

Манай нохой хэцүү шүү, Бөмбөржан

Манхар гэж дуудаарай, Бөмбөржан

Манай аав хэцүү шүү, Бөмбөржан

Дүнсэн тамхиар хуураарай, Бөмбөржан


Манай ээж хэцүү шүү, Бөмбөржан

Манзын цайгаар хуураарай, Бөмбөржан

Манай дүү нар хэцүү шүү, Бөмбөржан

Чихэр жимсээр хуураарай, Бөмбөржан

Нэгдүгээр хэсэгт ашигласан “Дээрэмчин гүнж” хэмээх дууны тухайд, чухам энэ дууны эх сурвалж гэж дурдаагүй боловч Хаслунд Зүүн Сөнидийн засаг ноёны охин, дээрэмчин нэгэн гүнжтэй говь нутагт таарсан тухайгаа бичин үлдээжээ (Хаслунд “Явна аа”, 64-67-р тал).

Энд Тогтох тайжийн дууны хамгийн анхны хувилбарыг 1912 онд Финландын монгол судлаач Рамстедт бичиж авсны эхний хоёр бадаг нь:

Да-лоо яа, да-лоо яа, Тогтох тайжий, хө

Тогтох тайжийн Ванлин-хуар

Наймаанд азтай хө


Гээ-лоо яа, гээ-лоо яа, гэрэлтэй тайжий, хө

Гэрэлтэй тайжийн Ванлин-хуар

Дээрэмд мордоно оо, хө.

хэмээсэн байдагтай харьцуулан судалбал сонирхолтой үр дүн гарч болох мэт. Заавал энэ хоёр дууг холбож үзэх гэсэндээ ч биш, ерөөс Монгол ардын дуун дахь дээрэмчин эмэгтэйчүүдийн тухай өгүүлэмжийг сайн эрийн тухай дуутай харьцуулан үзэхэд ч сонин зүйл тодорч болохыг дуу судлаач нарт захин үлдээе.

Төгсгөл

Данийн нэрт аялагч, судлаач Хэннинг Хаслунд-Кристэнсэн хориод онд Монгол улсад аж төрж, гучаад онд Монгол нутгаар аялж, монгол дуу хуур цуглуулан судалсан, судалгаагаа 1943 онд ном болгон хэвлүүлсэн, 

тэр цуглуулга судалгааг Данийн төгөлдөр хуурч бүсгүй Паулинэ Ессэн Германы Мэйнингэн хотноо багшилж байхдаа ихэд сонирхон сонссон, 

сонссон тэр сонин сайхан аялгуугаа өөрийн багш болоод хань нөхөр болох нэрт хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэлд илтгэн өгүүлсэн,

гэргийнхээ тэр илтгэн сонсгосон монгол аялгууг Гүнтэр ихэд таашаан, эхлээд ханьтайгаа хоршин тоглох хос төгөлдөр хуурын чуулбар, дараа нь төгөлдөр хуур – хийлийн аяз болгон 12 минутын оркестрын бүтээл болгон бичсэн,

Гүнтэр Рафаэлийн зохиосон тэр аялгууг хожим хийлч охин Кристинэ Рафаэл нь амилуулан, төгөлдөр хуурч Эрнст Грөшэлтэй хамтран тоглосныг Westdeutscher Rundfunk Köln буюу Көлн хот дахь Баруун Германы Радио Телевиз ялтас болгон бичиж олон нийтэд түгээсэн,

2010 онд олноо түгээсэн тэрхүү ялтас хийгээд 1952 онд гарсан Гүнтэрийн монгол аялгууны “Явна аа” хэмээх клавиер, аль аль нь өдгөө Конгрессын Номын Санд хадгалагдаж буйг “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь сурвалжлагч М. Саруул-Эрдэнэ, Ховд аймгийн хөгжмийн зохиолч Х. Эрхэмбаяр нар олж, хорионд хамт суух зуураа сурвалжлан судалж, сонирхон сонссоноо та бүхэнд толилуулсан нь энэ бөлгөө. 

Дэлхийн хөгжмийн түүхэн дэх Монгол аялгуу дууны нэгэн сонин жишээ болон үлдэх болтугай. 

Мягмарын Саруул-Эрдэнэ

Халхын Эрхэмбаяр


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. Манай,, Хөдөөгийн Баясгалан ,, киноны дуу бараг тэр хэвээрээ германаар яваад бдаг,,Арай иймэрхүү замаар явсаар бгаад германд очсон юм биш биз,,,Буруу ойлгосон бол уучлаарай

    0 0 Хариу бичих
  2. үрээ мори, үрээ мори, үргэхий нь яах вэ, хө дааган мори, дааган мори давхихы нь яах вэ, хө

    0 0 Хариу бичих
  3. pentatonic

    0 0 Хариу бичих
  4. шар хиа хоёр. хөх хантаазтай хиа хоёр. үнэртэн барьсан лам хоёр, том бүрээ үлээж буй лам хоёр. аягатай юм барьсан улаан хантаазтай дуулж буй дуучин хоёр. малгайн залаа шар байх юм даа, лодай буруу зурна гэж байхгүй дээ. мал хөтөлсөн хоёрын дээл нь тоорцог малгайн өнгөөрөө, хантааз нь хөх улаан. хөх дээлтэй хөгжимчин шар хантаазтай, ногоон дээлт нь хантаазгүй. нудрага бүгд цагаан...

    0 0 Хариу бичих
    • тав гэзэг 5, ногоон дээл тав. хоёр бүрээнээс яг тийм ногоон цацаг унжиж унана.

      0 0
    • лодай энэ зургаар дайж явуулжээ. жэнкүе, данкэ, аригато.

      0 0
    • лодай энэ зургаар дайж явуулжээ. жэкүе, данкэ, аригато.

      0 0
    • сүмба хамбаа, танкс. ёооо бараг битүүний зурлага тайлж байгаа юм шиг.

      0 0
  5. та нар энэ яваад байгаа challenge -ийг мэдсэн үү

    0 0 Хариу бичих
  6. арслант очирт ширээнээ залрах хутагтын цээжнээ, хоёр мөрнөөс нь долгио цацраад л, усан долгионд нь суух хоёр шавийх бас. бийлгээ. долгион дамжуулаад break dance.

    0 0 Хариу бичих
  7. лодай ламын зурсан хоёр чихт хуурын толгой цаав цагаан. марых нь тэнд долгио цацраад л

    0 0 Хариу бичих
    • маар

      0 0
  8. бөмбөр минь ээ хө гээд олон ая янзаар дуулсан байдгийм. o'key o'key

    0 0 Хариу бичих
  9. царны ар таван нүдэн

    0 0 Хариу бичих
  10. баян баргын адуунаас нь баруун хойш хөөлөө шүү байсан олон баргууд нь барааг минь харалгүй хоцорлоо шүү

    0 0 Хариу бичих
  11. тамхи. 'самбуутай тамхи' хамгийн сайн тамхи нь гэсэн үг юм. мань коёоба навчин тамхи өчнөөн татлаа. янзтай нь янзтай. манзын цай дотроос диважингийн манз цай бүр илүү амттай гм жижиг түүх байдгийм.

    0 0 Хариу бичих
    • донтоод нүүрээ улаан алаг болтол хамрын тамхи татсан хүн байгаа

      0 0
    • шүрэн толгойтоо суглаж гаргаад алтан хүрднээс нь барьж хутгаад нуухнаас чимхэж авсныхаа хүртвээс бие чинэрч шархирч олон дахин найтаалгах. хөшүүн хориотой байсан нус сугарч орхиж бие тавирч хамар онгойх. сайн тамхины шид

      0 0
    • тамхины үнс үнс - заваарка гүц

      0 0
    • нийтлэлд

      0 0
    • хаянхирваагийн мэндчилгээнд чайник, тамхи бий.

      0 0
  12. энд: тоотой хоногийн болзоондоо, бөмбөр минь. тоотой хоногийнхаа үүдэнд ээ, бөмбөр минь ээ хө. гэтэл лавуугийн бавагсүрэнгийн хэлдгээр худлаа дуулаад, үг өөрчлөөд. сонсголоороо худлаа сонсоод: тоотой хоногийг үдэнэ дээ гээд дуулаад байх юм.

    0 0 Хариу бичих
  13. Bayarlalaa Sarulaa chi estoi jinhene Mongolch erdemten shuu. Mash goe niitlel bna daa.

    0 0 Хариу бичих
    • өтөгөрхөөрөө нэг тийм, өтөгөрөөгүй байхдаа нэг ийм.

      0 0
  14. сайхан түүх байна баярлалаа

    0 0 Хариу бичих