БНСУ-ын триатлоны эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Чой Сук Хён өнгөрсөн долоо хоногт амиа хорлож нас баржээ. Тэрээр 22 настай байсан бөгөөд дасгалжуулагчийн штабын зүгээс бэлгийн дарамтад өртсөн гэж олон удаа гомдол гаргаж байсан нэгэн аж. Гэвч энэ гомдлыг нь холбогдох байгууллагууд авч хэлэлцэлгүй дараад өнгөрдөг байсан гэнэ. Талийгаач 2015 оны улсынхаа шигшээ багийн тамирчин болж байжээ.

Дасгалжуулагч нар нь түүнийг зодож, бэлтгэлийн ачааллаар дарамталж, хэл амаар доромжлон сэтгэл санааны хүнд байдалд оруулдаг байсан аж. Чой Сук Хён хөтөлдөг байсан тэмдэглэл дээрээ “уйлахгүй өдөр нэг ч байдаггүй”, “Нохой шиг зодуулдгаасаа болж удахгүй үхэх байх” гэх мэтээр бичсэн байсан гэнэ.

БНСУ-ын Триатлоны холбоо буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн ч олон нийт үүнийг хэтэрхий оройтсон хэмээн буруушааж байгаа аж. Энэ хэрэг Харви  Вайнштейний хэрэг шиг БНСУ-ын спортод далд байгаа бусад хэргүүдийг илчлэх шалтгаан болж  ч магадгүй байгаа аж. Учир нь энэ хэрэг олон нийтэд ил болсны дараа өндөр зэрэглэлийн олон тамирчин спортод ийм бусармаг зүйл байдаг талаар ярилцлага өгчээ.