УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг сурталчлах тухай 2015 оны тогтоолыг хүчингүй болгож, төвийг сахих бодлогыг сурталчлахгүй байх тухай тогтоол баталж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг өгсөн. Д.Цогтбаатар сайд энэхүү тогтоолын талаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрээр "Монгол Улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. Хүмүүс андуураад байх юм. 2015 онд ийм статустай болгох гэж оролдсон. Манай улстай харилцаатай ихэнх орнууд үүнийг ойлгохгүй байна гэсэн байр суурь илэрхийлж байсан. Тиймээс үүнийг зогсоосон. Манай улсын гадаад бодлого амжилттай явж ирсэн. Монгол Улс хэрэгтэй үедээ байр сууриа илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой. Түүнээс бус өөрийгөө хүлэх ёсгүй. Жишээлбэл, өнөөдөр терроризмийн асуудал яригдаж байна. Дэлхий нийтээрээ терроризмтой дайн зарлаж байна. Гэтэл бид төвийг сахиж байгаа гээд зүгээр суух уу. Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаа цэргүүдээ юу гэж тайлбарлах уу. Дэлхий дээр зургаа, долоохон орон л төвийг сахих албан ёсны байр суурьтай байдаг юм" гэлээ.