Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталлаа. Хятадын хууль тогтоогчид засаг захиргааны онцгой бүс Хонконгод аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай хуулийг анх санал болгосноос хойш 40 хоногийн дараа ийнхүү БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага ёсчлон баталжээ.
Нөгөө талаар уг хууль эрх зүйн акт долоодугаар сарын 1-нд буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх болж байна.
Харин дэлхий нийтийн зүгээс уг хууль Хонконгийн автономит байдалд ихээхэн хор хөнөөл учруулна гэж буруутгагдаж буй.
"Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан нь хүний эрхэд ноцтой аюул учруулж байна" гэж Эмнести Интернэшнл байгууллагын Хятад дахь бүлгийн дарга Жошуа Розенцвейг хэлэв.
"Одооноос эхлэн Хятад улс хүссэн гэмт хэрэгтээ иргэдийг сэжигтнээр татан өөрийн хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно" гэж тэр хэллээ.