Шинэ Засгийн газар хэдэн Шадар сайдтай ажиллах вэ?

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцийн дагуу УИХ-д Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж батлуулдаг. Үүнийхээ дараа Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг томилуулдаг. Харин энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд сайд нараа өөрөө томилно. Гэхдээ УИХ-д сайд нараа танилцуулж, гишүүд сайд нараас нь асуулт асууж, хариулт авах, захиас даалгавраа хэлэх зэрэг өмнө нь явагддаг байсан процесс хэвээрээ. Харин сайдаар томилох санал хураалт л явагдахгүй гэсэн үг.

Засгийн газрын одоогийн бүтэц, бүрэлдэхүүн нь 13 яам, 15 сайдтай. Удахгүй байгуулагдах Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх нь ойлгомжтой. Харин хэрхэн өөрчлөгдөх вэ. УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөснөөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй Засгийн газрын тухай хуульд зааснаар бол хоёр Шадар сайдтай байх ёстой. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хоёр Шадар сайдтай байхаар хуульчилсан юм. Хоёр Шадар сайд нь юу хариуцахыг дараах байдлаар заасан юм.

1/Монгол Улсын Шадар сайд:

-гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;

-хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;

-стандартчилал, хэмжил зүйн асуудал;

-тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал;

-шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;

-хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;

-чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

2/Монгол Улсын Шадар сайд:

-хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;

-үндэсний хөгжлийн, бодлого төлөвлөлт;

-бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

-макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт;

-худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт;

-салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцтэй байдлыг хангах;

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах;

-Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах;

-Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон түүнд хавсаргах улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах;

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл боловсруулах;

-Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах;

-хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;

-төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого;

-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх;

-чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

МАН дараагийн Засгийн газраа байгуулахдаа нэг Шадар сайдтай ажиллах уу, хоёр Шадар сайдтай ажиллах уу гэдэг нь удахгүй тодорхой болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагасан хуулийн өөрчлөлтүүдийг МАН-ынхан өөрсдөө баталсан учраас хоёр Шадар сайдтай байх хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулахгүй л болов уу.

Мөн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Cоёлын асуудал хариуцсан яам байгуулна” гэсэн заалт оруулсан. Энэ бүхнээс үзвэл яам болон сайдын тоо нэмэгдэх магадлалтай.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Яамдын тоог нэмж болохгүй харин ч цөөлмөөр байна

    0 0 Хариу бичих