Коронавирусийн вакцин туршигдаж байгаа сайн дурынханд ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдаагүй гэж Н.Н. Бурденкогийн нэрэмжит Цэргийн төв эмнэлгээс мэдээллээ.

COVID-19 вирусийн эсрэг вакцины клиникийн туршилт зургаадугаар сарын 18-нд эхэлж, эхний есөн хүнд вакцины нэг хэсгийг, хоёр хоногийн дараа өөр есөн хүнд хоёр дахь хэсгийг тарьжээ.

“Сайн дурынхны үзлэг, лабораторийн шинжилгээ нь тэднийн биеийн байдалд хүндрэл, сөрөг өөрчлөлт гараагүйг харууллаа. Туршилтад оролцогсодын зүгээс ямар нэгэн гомдол гараагүй. Мэргэжилтнүүд тэднийг тогтмол үзэн шинжилгээ авч байна. Бүгдийн биеийн  байдал сайн байгаа” гэж сэхээн амьдруулахын эмч  Олег Чихляев онцлон хэлжээ.

Одоо  туршигдаж байгаа вакциныг Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлгийн шинжлэх ухааны төв, Гималеин нэрэмжит Вирус судлал ба халдварт өвчний хүрээлэн хамтран зохиосон байна. Вакциныг ерөнхий дүгнэлт гарсаны дараа наймдугаар сард улсын бүртгэлд аваад ирэх  есдүгээр сараас үйлдвэрлэж эхлэх юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийд коронавирусийн эсрэг 200 вакцин бүтээгдэж байна.