Үндсэн хуулийн нэлэмт, өөрчлөлтийн дагуу УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа УИХ-ын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Ингэхдээ УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох, болохгүй албан тушаал, хориглох үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан юм.
42 дугаар зүйл.Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал
42.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
42.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
42.1.2.улс төрийн намын сонгуульт албан тушаал;
42.1.3.багшлах болон эрдэм шинжилгээний ажил.
42.2.Гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 42.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
42.3.Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга захирамжаар батална.
43 дугаар зүйл.Гишүүнд хориглох үйл ажиллагаа
43.1.Гишүүнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
43.1.1.ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;
43.1.2.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
43.1.3.гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
43.1.4.гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
43.1.5.Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;
43.1.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;
43.1.7.хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;
43.1.8.гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;
43.1.9.аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах;
43.1.10.бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох;
43.1.11.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох;
43.1.12.бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах;
43.1.13.төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхлэх.
УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймаг, дүүргийн Засаг дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөс гадна ТББ-ын сонгуульт албан тушаалаасаа ч чөлөөлөгдөх юм. Өмнө нь давхар ТББ-ын удирдлагаар ажиллаж болдог байсан бөгөөд Уяачдын холбоо, Махны холбоо, Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо, спорт холбоодын тэргүүнээр давхар ажилладаг байлаа. Энэ мэтээр УИХ-ын гишүүн бүр ямар нэгэн ТББ, холбоодод давхар албан тушаал хашдаг байв. Харин энэ удаагийн УИХ-аас эхлээд гишүүд сайдаар ажиллах, улс төрийн намын сонгуульт алба хаших, багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс өөр ажил хийхийг хориглосон. Эдгээр ажлаас өөр ажил эрхэлдэг бол УИХ-ын тухай хуулийн 42.2-т заасны дагуу тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, ямар ч "давхар дээлгүй" байна гэсэн үг. УИХ-ын тухай хуулийн энэ зохицуулалт нь анхдугаар чуулганыг яаралтай хуралдуулахад саад болж байхыг үгүйсгэхгүй.