Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сум руу гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг өчигдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх дуудлага мэдээлэл өчигдөр 12:40 цагт Зоонозын өвчин судлалын төвд ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал тус аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г... тарваган тахлаар өвчилсөн нь урьдчилсан шинжилгээгээр тодорхойлогджээ. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд албан ёсны баталгаат хариу өнөө орой гарна. 

Одоогийн байдлаар тус иргэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулан Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.