Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, байнгын ажиллагаатай парламенттай болсноосоо хойш найм дахь удаагийнхаа УИХ-ын сонгуулийг зохион байгууллаа. Уламжлал ёсоор сонгууль тойрсон маргаан гарч байгаа ч Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн үр дүнг албан ёсоор танилцуулсан. Олон мандаттай, томсгосон тойргоор зохион байгуулсан энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвслийн 485, бие даасан 121, нийт 606 нэр дэвшигч оролцож, 76 суудлын төлөө өрсөлдлөө. Хамгийн олон нэр дэвшигч, хамгийн олон бие даагч гээд олон онцлогтой эхэлсэн энэ сонгуулийн үр дүн ч онцлог ихтэй. Өмнөх долоон удаагийн сонгуулиар монголчууд МАН, АН гэсэн хоёр намыг ээлжлэн сонгож ирсэн. Сонгууль бүрээр эрх баригч болон сөрөг хүчний байр солигдож ирсэн гэсэн үг. Харин энэ удаад сонгогчид эрх баригч МАН-аар үргэлжлүүлэн засгийн жолоог атгуулах сонголт хийлээ. УИХ-ын чуулганы танхимын 76 суудлын 62-ыг МАН-ын гишүүд эзлэн суухаар болсон бол АН 11, “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвсэл тус бүр нэг, бие даагч Н.Алтанхуяг нар сонгогдлоо.
Ялалт байгуулсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санал хураалт дуусч, урьдчилсан байдлаар сонгуулийн дүн гарсан даруйд олон нийтэд хандаж мэдэгдэл хийснээс өөрөөр ялагчид ямар нэгэн үйлдэл хийсэнгүй.

Сонгогчид маань сонголтоороо эхлүүлснээ гүйцээж, задарсныг засч, ядарсныг хайрлах захиа, даалгавраа өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН- ын дарга У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар сүүлийн 20-30 жилийн туршид хүлээгдэж овоорсон олон асуудлыг бодитоор шийдвэрлэж чадсаныг Монголын ард түмэн дэмжлээ. Шударга ёсны тэмцлийн галыг асаасныг мөн дэмжлээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол “Эхлүүлснээ дуусгаарай, задарсныг засаарай, ядарсныг хайрлаарай” гэсэн ард түмний захиа, даалгавар гэж бид ойлгож байна. Итгэл бүхнийг зүтгэлээр хариулах үүрэг хариуцлага бидэнд ирлээ. Энэ удаагийн парламентын сонгуульд МАН ялалт байгуулснаар сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа нэг нам хоёр дахь удаагаа дараалан засгийн эрх барих гэж байгаа тохиолдол болж байна. Бидэнд эмхлэх, цэгцлэх ажил маш олон бий. Үүнийг ард иргэд маань даалгавар болгож өгснийг гүнээ ухамсарлаж өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байна. Амжилтаа батган, алдаа дутагдлаа засч, эхлүүлснээ дуусгахын төлөө бид хичээн зүтгэнэ.
2020.06.25
Энэ бол ялалтын дараа баярлаж хөөрсөн сэтгэл, хийе бүтээе гэсэн их хүсэл эрмэлзлээс гарч буй байр суурь. Гэхдээ ирэх дөрвөн жил МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн догдлол дүүрэн хэлж байгаа шиг амар байхгүй нь ойлгомжтой. МАН 100 жилийнхээ босгон дээр ялалт байгуулна гэдэг тэдний хувьд хамгийн том баяр. Гэхдээ энэ баяр хөөр удаан үргэлжлэхгүй.
1. Олдвол өлдөхийн зовлонг дахин эдлэхүү?
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлдэг, дөрвөн сайдаас бусад нь “дан дээлтэй” байхаар болсон ч намын дарга 61 гишүүнийхээ хүслийг хангаж Засгийн газраа байгуулна, төрийн албыг тогтвортой байлгана гэдэг хэцүү. Өөрөөс нь гадна дахин сонгогдсон 36, шинээр сонгогдсон 25 гишүүн ч ямар нэгэн байдлаар албан тушаал, томилгооны ашиг сонирхлоо илэрхийлэх нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг шийдвэрлэхээс эхлээд л МАН-ын зовлон эхэлнэ. Тус нам өнгөрсөн дөрвөн жилд ч энэ зовлонг амссан. Тодруулбал, гишүүн бүрийн эрх ашгийг хангах боломжгүйгээс 65 гишүүнтэй МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, анх удаа Засгийн газраа өөрсдөө унагасан муу түүх тэдэнд бий. Одоо харьцангуй хүчирхэг намын даргатай байгаа ч улс төр л юм хойно ямар нэгэн сорилт тулгарч л таарна. Гэхдээ энэ бол зөвхөн МАН- ын дотоод зовлон. Үүнээс илүү Монгол Улсын зовлонг тэд ирэх дөрвөн жилд үүрнэ. Бүр “Яах гэж сонгуульд ялав даа” гэж харамсах өдрүүд ч ирэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэдгийн учрыг тайлбарлая.
2. Ялсандаа харамсах өдөр ирэхийг ч үгүйсгэхгүй
Эрх баригч МАН-ынхан “Коронавирусийн нөлөөгөөр унасан эдийн засгаа хэрхэн сэргээх вэ” гэдгээс эхлээд “Дефолт зарлачихалгүйхэн шиг улс орноо хэрхэн удирдах вэ”, “Өрийн дарамтаас яаж гарах вэ” гэдэгт дөрвөн жилийн турш тархиа гашилгах болно. 2020 оны УИХ-ын сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг бол бараг дараагийн асуудал. Учир нь, удахгүй болох улсын баяр наадмын дараагаас гадаад өр төлбөрүүд нэхэгдэж эхэлнэ. БНХАУ-ын Ардын банктай хийсэн 15 тэрбум юань буюу 5.8 их наяд төгрөгийн хэлцлийн хугацаа дуусч байгаа учраас ирэх долдугаар сард төлөх ёстой. Гэвч жилийн төсвийнхөө талтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг дор гаргах чадал манай улсад байхгүй. Тиймээс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх, эсвэл БНХАУ- ын Ардын банктай хэлэлцээ хийж своп хэлцлийн хугацааг сунгахаас өөр аргагүй. Эрх баригчид хоёр дахь хувилбарыг нь сонгон ажиллаж байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтынхаа үеэр 2011 оноос эхлэлтэй БНХАУ-ын Ардын банк болон Монголбанк хоорондын төгрөг- юанийн своп хэлцлийн хугацааг 2020 оны долдугаар сард сунгах талаар яриа хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдсэн. Ийнхүү ойрын хугацаанд төлөх томоохон хэмжээний өрөө хойшлуулж болох ч дараа дараагийн өр төлбөрүүд эрх баригчдад амсхийх зай завсар олгохгүй.
2016 оны УИХ-ын сонгуулиар одоогийн эрх баригч МАН “Монгол Улсын өр үлэмж хэмжээгээр нэмэгдэж, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөгт хүрлээ” хэмээн сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлж ялалт байгуулж байв. Харин ирэх дөрвөн жилд төлөх Монгол Улсын өр өөрсдийнх нь сэтгэл зүйд жинхэнэ бодитоор нөлөөлнө. Энэ нь нийт монголчуудын санаа зовох асуудал хэдий ч иргэдийнхээ өмнөөс ачаа үүрэх хүмүүс нь эрх баригчид.
Одоогоос гурван жил гаруйн өмнө манай улс Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг хэрхэн төлөхөө шийдэж ядан, дефолт зарлахдаа тулж байлаа. Харин сөрөг хүчин байхдаа “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил” хэмээн цэцэрхэж суусан МАН-ынхан Монгол Улс дефолт зарлахын даваан дээр өрийг өрөөр дарсан. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газар гадаад зах зээлд “Гэрэгэ” хэмээх бонд гаргаж, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг тэглэсэн. 2024 он хүртэл манай улс жил бүр ийм нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй. Учир нь, их хэмжээний гадаад өр төлбөрүүд нэхэгдэх хугацаа дөхсөөр байна.
Ирэх дөрвөн жилд Монгол Улс ямар өр төлөх ёстой вэ гэдгийг танилцуулъя.
2021.04.06-нд
“Мазаалай” бондын 500 сая ам.доллар
2022.12.05-нд
“Чингис” бондын 1 тэрбум ам.доллар
2023.05.01-нд
“Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар
2023.10.23-нд
Хөгжлийн банкны 500 сая ам.доллар
2023.12.16-нд
“Самурай” бондын 600 сая ам.доллар
2024.03.09-нд
“Хуралдай” бондын 600 сая ам.долларын өрийг төлөх учиртай.
3. Нэгдүгээрт өр төлөх, хоёрдугаарт амлалтаа хэрэгжүүлэх

МАН-ынхан сүүлийн өдрүүдэд 2020 оны УИХ-ын сонгуульд яллаа гэж баярлаж байгаа ч ирэх жилүүдэд үүрэх зовлон нь дэндүү хүнд гэдэг нь өр төлөх хуваариас харагдана. Дөрвөн жилийн хугацаанд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын өр төлөх үүрэг тэднийг хүлээж байна. Энэ бол зөвхөн олон улсын зах зээлээс арилжааны зарчмаар босгосон их хэмжээний өр төлбөр нь. Түүнээс гадна Засгийн газар баталгаа гаргасан жижиг өр төлбөр, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, донор орнуудаас авсан өр мундахгүй олон бий.
2019 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн нийт үлдэгдэл 27.9 тэрбум ам.доллартой тэнцэж байлаа. Түүнээс хойш коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор багагүй хэмжээний зээл нэмж авсан. Дээрээс нь валютын ханш чангарч, төгрөгийн ханш унахын хэрээр манай улсын төлөх гадаад өр төлбөрийн хэмжээ нэмэгдсээр байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд ам.долларын ханш 300 орчим төгрөгөөр өслөө. Энэ байдал цааш үргэлжлэхгүй гэхийн баталгаа алга. Ийм л хүнд хэцүү нөхцөлд эрх баригчид улс орноо удирдсаар 2024 оны сонгуультай золгох нь. Өр төлөхөөс гадна 2020 оны сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх шаардлагатай. МАН эдийн засгийн өсөлт, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө багтаасан юм.
1. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ.
2. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3. Хувь хүний орлогын албан татварыг хоёр дахин бууруулна.
4. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5. Зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй.
6. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй. Харин бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно.
7. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.
8. Бүх сумыг аймгийн төвүүдтэй нь холбох “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
9. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
10. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.
Хүлээж буй өр, хийхээр амласан ажлаас нь харвал эрх баригчид ирэх дөрвөн жилд нэлээд бартаатай замаар туучих нь. Товчхондоо, МАН 2020 оны УИХ- ын сонгуульд ялсан нь сайхан ч, цааш явахад хэцүү байх нь ойлгомжтой юм. Ялсан намын зовлон яг одооноос эхэлж байна гэдэг их оносон үг юм даа.