Бразил улс цар тахлын халдвар авсан иргэдийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байгаа билээ. Тус улсад 1.2 сая хүн халдвар авсан бол өдөрт 50 000 хүн шинээр халдвар авч байна. мэргэжилтнүүдийн баталж байгаагаар бол, Бразилд оношлуурын хүрэлцээ АНУ-ын бодвол муу байгаа тул үнэн хэрэгтээ дээрхээс илүү олон хүн өвчилж байгаа гэх. Олон улсын байгууллагууд Бразилийн эрх баригчдаас хөл хорио тогтоож дэгдэлтийг тогтоон барих, өвчилсөн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх гэсэн мэдээжийн шаардлага тавьж байгаа ч одоо ч биелүүлээгүй хэвээр байгаа юм.

Бразилд үүссэн энэхүү нөхцөл байдлын хамгийн том хохирогчид нь Өмнөд Америкийн нутгийн уугуул оршин суугчид болох вий гэсэн болгоомжлол байна. учир нь, хотожсон иргэдэдээ туслахгүй байгаа Засгийн газар одоо ч амьдралын хэв маягаа хадгалсаар буй тэдэнд тусална гэдэг маш эргэлзээтэй юм. Ойд байгаа нь бүү хэл амьдрал хөөж хотод ирсэн уугуул иргэд ч коронавирустэй улаан халз нүүр тулахаас өөр зам үгүйг олон улсын хэвлэлүүдэд бичиж, болгоомжлуулж байгаа юм.