“Бурхны авралаар, чи ирлээ!” шоуны эхний ялагчаар Г.Алтаншагай тодорлоо

“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны эхний дугаар өчигдөр шууд хүрч, хөгшин хүргэний дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Г.Алтаншагай ялагчаар тодорлоо. Тэрбээр таван сая төгрөг, Samsung Galaxy A51 гар утсаар шагнуулсан юм. Финалын шатны ялагч үзэгчдийн илгээсэн мессеж саналын дүнгээр тодорч буй билээ. 

Финалын дугаарт жүжигчин У.Цогтбаяр буян, нүглээ шүүлгэж буй будилуу сүнсний дүрийг бүтээсэн бол дуучин С.Зоригтбаатар шөнийн клубийн сэргэлэн хамгаалагчийн дүрд хувирч, жүжигчин Б.Барслхагва хувьсгалын үеийн ороо бусгаа цаг доорх урвагчийн дүрийг чадварлаг бүтээсэн юм. “Бүү бэлтгэ, биеэ бүү барь” хэмээн дараагийн оролцогчдодоо зөвлөх тэднийг “бэлдээгүй хошигнол төрлийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүллээ” хэмээн шүүгчид сайшаан магтаж байсан юм.

Нэвтрүүлэгт нийт хоёр ялагч тодрох бөгөөд дараагийн ялагч энэ долоо хоногийн ням гарагт тодрох болно. Финалын шатны сүүлийн дугаарт аялагч Г.Ганхүү, жүжигчин Г.Эрхэмбаяр, О.Тэмүүжин, З.Онон нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх юм.

Энэхүү дугаарыг 7-р сарын 5-ны ням гаргийн 20:00 цагт “Боловсрол” телевизээр шууд дамжуулах бөгөөд үзэгчдийн мессеж саналаар ялагчийг тодруулах болно.