Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдний өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Улмаар татгалзал шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт зургаан удаа хойшлуулжээ.