Хажирын нэг өглөө

Галбын зэрэглээт говийг зүүнш гаталж Гурван хасар уулын хормойг ороосон Их хатавчийн голын эхэнд үдшийн цагаан гэгээтэй уралдан отоглов. Тэндээс Эргэлийн зоо руу сунаж тогтсон голын хуурай сайранд хайлаасын хэсэг төгөл үдшийн бүрийд сүүмийнэ.

Зуны эхэн сарын тунгалаг шөнийн түмэн одод ер бусын ойрхон агаад анивчин аальгүйтэх нь гойд гайхамшиг. Чингэхдээ сэтгэлийг үрэн эзэгнэж, зүрх тайтгаруулах нь жаргалтай. Торгон салхинд хайлаасын навчис учир битүү шивнэн сэрчигнэж, идэр загийн нялх нахиас тансаг үнэртэх нь хосгүй чамин. Энэ бүхэнд нам согтжээ. 

Алсад боохой ульж,дэргэд хулан тургих чимээнээр өндийв. Үүр гийж байх.

Зэрлэг хулангийн сүрэг энд хотолж хоножээ. Энд тэндгүй харагдах цавчаал ус бараадсан унагатай гүү, даага, шүдлэн, хязаалан, хөгшин, залууазарга цөөнгүйхарагдаж намайг донсолгов. Нялх унаганы зураг авах шунал оволзоод... 

Өмнөх хадан хясаагаа даган бууж хавцал руу уруудаж зөөлхөн хатирлаа.

Замдаа нэг амсхийж дурандтал ханан хадны элгэн биед нэг тас сууж байх шиг. Лавшруулан харахул арай л биш. Хүзүү,толгой, нүд, хошуу нь өөр юмаа. Аппаратаа түлхэж нөгөөдөхийг овоохон татаж дарлаа. Томруулан нягталсан чинь хажир санж. Түүнийг эргүүлэх хүсэлд автав, бөөн дур. Мань “аварга” тэнд бас хоножээ. 

Би ч сэмхэн урагшилж хайлаасны бяцхан төгөл руу орж “ажил”-даа шамдав.

Тэр нурууныхаа хээнцэр өдөнд хошуугаа шургуулчихсан үнэгчилж байх. Сунагар шар хүзүү уран нугдайж, хүрэвтэр үзүүртэй цайвар зогдор цацаглана. Цагаан сангастай толигор хаданд хуруу, хумс нь шигдчихсэн юм шиг. Зэрвэсхэн харвал хаданд зүмбэрлэж сийлсэн хөшөө мэт, зүс царай нь ч хадны өнгөнд уусчээ. Гайхалтай амгалан төрх, атаархам сайхан нойр.

“Үнэгчлэн нойрсохуй”

Мандаж буй нарны тусгалын үзүүр хадан хясааны энгэрийг шүргэх харгуй тэр нүдээ нэг нээж, нэг аньж, хошуугаа баруун сугандаа эвлэгхэн шургуулж, зугуухан татах нь гүн нойрноосоо салж ядаж буйг илтгэнэ. Хажирын нэг өглөө чингэж эхлэвээ. 

“Нойрмог зүүрмэг”

Нэн сүрлэг бие, өвөрмөц чамин хошуу, уян гоолиг хүзүү, ботгон бор нүдэнд нь соронз лугаа татагдав. Тэр сэрмэгцээ толгойгоо бараг бүтэн эргүүлж орчин тойрноо сүрхий ажив. Нойрон дундаа хөл алдвал эгц хаднаас хальтран шидэгдэх эрсдэлтэй. Тэрхүү барьцгүй хаданд наалдсан хөл, хумс хоёрынх нь увидасыг амьсгаа даран биширч суув. Уул нь хайлаасны лунжгар салаа дээр тухалж хоносон бол түүнд тулгууртай агаад найдвартай баймаар. Гэтэл заавал энд тухалсан нь учир жанцантай буйзаа. 


“Ган хошуу”

Хималайн хажир (Gyps himalayensis) гэгч энэ жигүүртнийг нөмрөг тасын ихэр хэмээвэл бараг хилсдэхгүй. Түүнийг бас ухаа хажир (Gyps fulvus)-тай хамаатан садан гэх. Харин манайд түүнийг цасны хажир бүргэд гэж нэрлэж ирсэн уламжлалтай. Монгол хэлний их тайлбар тольд түүнийг Харцагынхан багийн махчин шувуу гэжээ. Тэр багт нь бүргэд, элээ, сар, харцага, тас тэргүүтэн ордог аж. Гэхдээ хажир бол амьд амьтан барьдаггүй бөгөөд зөвхөн амьтан, малын сэг зэмээр хооллодог онцлогтой. Тийм учраас нөмрөг тастай ижил байгаль орчны мэрэгшсэн “цэвэрлэгч” бөлгөө. Хималай, Түвдийн өндөрлөгт, Памир, Тэнгэр уулд нутаглаж манай оронд ирж зусаад буцдаг жигүүртэн аж.


“Хавцалын овгор”

Нөгөөдөх маань гэнэт өрөөсөн далавчаа дэлгэн сэвж гайхуулав. Тэр нь энэ нутгийн “овгор” гэдгээ харуулсан хэрэг болов уу. Энэ насны буурал “овгор” бол арваад килограм жинтэй агаад 1.5 метр урт биетэй байдаг гэж бичжээ. Нүсэр байгаа биз. Ийм аврагыг өдөж уцаарлуулах нь осолтой байж мэднэ. Өрөөсөн далавч нь шүргэх төдийд л өртсөн бүхэн сүйд майд болох биз. 

Тэгтэл нэгэн зээрд шонхор сэмхэн нисэж ирмэгцээ түүний зүүн талын элгэн хаданд эвлэгхэн буув. Гэтэл айвуухан тайвуухан суусан хажир маань сүр сархийн ухалзаж шонхор руу дайрах аястай хөдлөв. Цочирсон шонхор ч “сүүлээ хавчин” харваж одов, хөөрхий. Сүнс нь зайлсан байж мэднэ. Том, жижгийн ялгаа жигүүртний ертөнцөнд ч байдаг нь энэ бөлгөө. Зочинд дургүй хажиг ааштай хажир байж.

“Шонхор, хажир хоёр”

Хажир сүржигнэсэн хэвээрээ данхалзаж байснаа ухасхийн нисч дэргэдэх хадан хясааны орой дахь оньтой хоёр шовгорын араар шургаж далдрав. 

“Далдрах агшин”

Би ч хулангийн сүрэг рүү яарч өндөлзөх гэтэл “овгор”-ын далавч хадны цаанаас цухуйлаа. Төдөлгүй хадан дээгүүр явгалан ил гармагцаа дээвэр шиг өргөн жигүүрээ дэлгэн өргөж хөөрөв. Аппаратны минь дуран түүний далавчаар дүүрч миний шунал нэг агшинд ханах нь тэр. Сэтгэлд хоногшсон нандин дурсамж. Төсөөлж бодохул чингэж дэлгэгдсэн хос далавч нь бараг бүтэн хагас алд дээр нэг үзүүр алдыг нэмсэнтэй тэнцмээр. Энэ нь нас бие гүйцсэн хажирын далавчны урт бараг гурван метр хүрдэг гэж сударт бичсэнд дөхөж байна. Өөрөөр хэлбэл, таван ханатай монгол гэрийн унины уртаас 0.60 см илүү урт гэсэн үг. Тэгэхлээр нөмрөг тасаас ч урт далавчтай болж таарах нь. 

“Явгалах урлаг”

Лагс бүдүүн мөртлөө хөнгөхөн явгалж, цахилан хөөрч, огторгуйд цойлж одов. Элдэв шидтэй жигүүртэн. Түүнээс хавьгүй жижиг биетэй алаг шаазгай ч ингэж хөөрч чадна гэхэд эргэлзмээр. 

Хажир өөрөө манай оронд үрждэг, эсэх нь хараахан тогтоогдоогүй гэнэ.

Гэхдээ жилийн эхэнд цорын ганц өндөг төрүүлдэг. Нярай ангаахай нь 160 орчим грамм жинтэй байдаг гэж судлаачид тэмдэглэснийг сонирхуулъя. Ийм өөдөсхөн ангаахай өсөж торниод дээрх шиг данагар “овгор” болдог аж. Хажир хорь орчим л насалдаг гэнэ. Түүний тухай олон домог бий. Манай ардын дунд “хажирын өдний гуурс нь нумын сум шиг хурц, түүний хумс ба хошуу нь ган төмөр шиг хатуу” гэх яриа байдаг. 

Хималайн хажир нь “бүргэдийн толгой, далавчтай бөгөөд арслангийн бие цогцостой” гэж Славян ардын нэгэн домогт бас өгүүлжээ. 

Хажирын энэ нэг өглөө болбоос миний хувьд аз гийж, алжаал тайлж, сэтгэл ариусгасан жаргалтай сайхан цаг мөч болсон юм. 

Хималайн нурууны сэрүүн цармаас манай өмнийн говийн халууныг зорьж ирдэг энэ сонин нүүдэлчний тухай бага сага таниулахыг хичээв.

Бурхан түүнийг гайхалтай уран бүтээжээ. Эс хайрлах, эс бишрэхийн аргагүй жигүүртэн.

“Эс хайрлахын аргагүй ертөнц” цуврал
2020.06.25


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. СОНИРХОЛТОЙ ЮМ .

    0 0 Хариу бичих