Уралдаанч хүүхдүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж ажиллах талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жилийн Улсын баяр наадам нэг өдөр зохион байгуулагдахаар байгаа. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үндэсний их баяр наадам болон зун, хаврын улирлын морин уралдааны үеэр хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс хамгаалах чиглэлээр Морин спорт, уяачдын холбоотой хамтран ажиллаж байгаа аж.  Мөн уралдаанч хүүхэд бүрийг бүтэн жилийн турш үйлчлэх даатгалд бүрэн хамруулах талаар албаныхан мэдээллээ. Нийтдээ 11 даатгалын байгууллага уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал хийх эрхийг авсан байна. Энэ даатгалын байгууллагуудаас даатгуулагчтай хийж байгаа гэрээнд 100 мянган төгрөгөөр даатгал хийнэ. 20 сая төгрөг хүртэлх хохирлын нөхөн төлбөр гаргана гэсэн гэрээний  нэмэлт заалтуудыг даатгалын байгууллагууд гэрээндээ зөвшөөрсөн аж.

Өнгөрсөн жил 121 хүүхэд даатгалд хамрагдаж, гэнэтийн ослын даатгалын нөхөн олговорт 186.6 сая төгрөг авчээ.

Түүнчлэн тус байгууллагаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны нэгдүгээр тогтоол гарсантай холбогдуулан хурдан морины уралдааны үед хүүхдийн эрхийг ханган ажиллах удирдамжийг боловсруулж 21 аймаг, нийслэлд хүргүүлсэн. Зургаадугаар сарын 29-нөөс буюу өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 8-ны хүртэл уралдаанч хүүхдийн бүртгэлийн ажил цар тахлын үеийн түр журмыын хүрээнд явагдана.

Бүртгэл өнөөдрөөс долоодугаар сарын 9-ны өдөр хүртэл 08:30-20:00 цаг хүртэл сум, аймаг, нийслэл дээрх Гэр бүл, хүүхэд,  залуучуудын хөгжлийн газарт явагдана.   

Энэ жил коронавирусийн цар тахал гарсантай холбоотойгоор гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй шууд картаар бүртгэл хийх аж.