“Төсөвт тодотгол хийх магадлал өндөр”

УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 тойргоос хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр үнэмлэхээ гардлаа. Энэ үеэр шинэ парламентынхан эдийн засгийн хүндрэлийг даван туулах том сорилт тулгарч байгааг онцлоод цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ.

28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Н.Учрал:

-МАН-д Монголын ард түмэн итгэл үзүүллээ. Итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Цаашдаа эдийн засгийн бүтцээ тэлэх ажилд нэн даруй анхаарах нь зөв. Иргэдийн зүгээс манай намын мөрийн хөтөлбөрт заасан хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгох асуудлыг их хөндөж байсан. Тэд нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж, тэтгэврийн реформ хийхийг захисан. Тиймээс дундаж давхаргыг дэмжсэн намын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байгаа. Нийгмийн даатгалын шинэчлэл, Хувийн тэтгэврийн сангийн хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

25 дугаар тойрог, Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг:

Мөрийн хөтөлбөрт заасан ипотекийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх зэрэг зайлшгүй хийх ёстой ажлууд байна. Үүнд 62-ын бүлэг онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Одоогоор төсөвт тодотгол хийх магадлал өндөр гэж харж байна. Бид нэлээд их хөрөнгө оруулалт гаргасан. Дэлхийн эдийн засагт амаргүй нөхцөл байдал ажиглагдаж байна. ОУВС-гийнхан гадаад эдийн засаг буурах хандлагатай байгааг хэлсэн. Тиймээс зайлшгүй шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх нь зөв.

29 дүгээр тойрог, Хан-Уул дүүргээс сонгогдсон Т.Доржханд:

-Маш хэцүү дөрвөн жил болж өнгөрнө. Эдийн засгийн хүндрэлүүд энэ дөрвөн жилд тохионо. Энэ үед маш яаралтай эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх, ажлын байраа хамгаалах, бондын өр төлөх, ажил, орлоготой монгол хүнийг бий болгох нь Засгийн газрын хамгийн том сорилт  байх юм. Энэ асуудлаар бид бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Шүүмжлэх асуудал гарвал хүчтэй шүүмжилнэ. Засгийн газар одоо яаралтай төсвийн тодотгол хийх ёстой.

24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Мөнхцэцэг:

-Бидэнд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хүндрэлийн дараах нийгмийн болон эдийн засгийн сөрөг үр дагаврыг багасгах асуудал хамгийн эхэнд тавигдаж байна. Тиймээс мөрийн хөтөлбөрт тусгасан бүх шатны хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр төрийн үргүй зардал буурч, эдийн засагт сайнаар нөлөөлнө.

19 дүгээр тойрог, Дархан-Уул аймагт сонгогдсон Г.Дамдинням:

-Багаараа шударга зарчим баримталж ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой. Хувь хүний хувьд хамгийн эхэнд Дарханы авто замыг ашиглалтад оруулахад анхаарч ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)