УИХ-ын сонгуулийн дүнг зарим улс төрийн нам, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Улмаар СЕХ-ноос 161 хэсгийн хороонд хяналтын тооллого хийж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог, Дархан-Уул аймагт хяналтын тооллого явуулж байгаа юм. Харин хяналтын тооллогод Дархан-Уул аймгийн хэсгийн хороодын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байсан бие даагч Т.Ганболд нар өөрсдөө ирээгүй аж. Тиймээс гомдол гаргасан нэр дэвшигчдийг хэсэг хугацаанд хүлээсний эцэст "Та бидний эвсэл", МАН-ын ажиглагч нарыг байлцуулан бүх хэсгийн хороонд хяналтын тооллого явуулж эхэлжээ.