УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд МАН 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол АН 11, “Та бидний эвсэл” 1, “Зөв хүн электорат эвсэл” 1, бие даагч 1 суудал авлаа. Харин бие даагчдын саналыг таслалтай дамжуулсан байдал болоод хэсгийн хороодын сонгогчийн тооноос илүү санал авсан гэх асуудал маргаан дагуулав. Улмаар СЕХ маргаан дагуулсан тойргийн хэсгийн хороодын саналыг гараар тоолж эхэлснээр УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үйл явц өрнөж байна.
Тэгвэл энэ хугацаанд УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн хамгийн, хамгийныг онцолъё.
Хамгийн олон санал авсан: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшсэн Н.Учрал хамгийн олон буюу 53651 санал авчээ. 28 дугаар тойрог нь нийт 110914 сонгогчтой байв.
Хамгийн өндөр хувийн санал авсан: УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал өгсөн иргэдийн 70.01 хувийн саналыг авчээ.
Хамгийн залуу гишүүн: Энэ удаагийн парламентад хамгийн залуу гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдов.
Хамгийн ахмад гишүүн: Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан тодров. Тэрээр анхдугаар чуулганаар УИХ-ын гишүүний тангаргийн үгийг унших юм.
Хамгийн олон удаа сонгогдсон: УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог, Төв аймгаас сонгогдсон Н.Энхболд нийт зургаан удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Батболд нар таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдов.
Анх удаа сонгогдсон: Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон 31 нэр дэвшигч байна. Үүнээс МАН-аас сонгогдсон 23, АН-аас сонгогдсон долоо, "Зөв хүн электорат" эвслээс нэг байна.
Хамгийн маргаан дагуулсан тойрог: Бие даагчдын санал болоод сонгогчийн тооноос илүү санал авсан асуудлаар 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэг, 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймаг байна. Эдгээр тойргуудад дахин хяналтын тооллого хийж буй.
Хамгийн өндөр настай сонгогч: Чингэлтэй дүүргийн иргэн 113 настай сонгогч хамгийн өндөр настай сонгогч байна.
Хамгийн олон сонгогчтой тойрог: УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэг 134 мянга 872 сонгогчтой.
Хамгийн цөөн сонгогчтой тойрог: УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймаг 37 мянга 448 сонгогчтой.