“Жаст” группийн захирал Ш.Батхүү бусдыг залилсан гэх хэрэгт 2013 онд холбогдож, багагүй шуугиан дэгдээж байв. Тодруулбал, тэрбээр Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж, зээлээ төлж чадахгүйд хүрснээр Жаст групп, Хадгаламж банк дампуурч байсан юм. Ингээд хуурамч гарын үсэг үйлдэн, Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан гэх хэрэгт нь Ш.Батхүүд хууль хяналтын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч батлан даалтад гаргасан билээ.
Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллээр нэлээд шуугиж байсан ч 2014 оноос хойш бараг “мартагдсан” гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл саяхнаас “Жаст”-ын Ш.Батхүү болон Хадгаламж банкны экс удирдлагуудтай холбоотой дахин хуурамч баталгаа ашиглан их хэмжээний мөнгө завшихыг завдсан гэх хэрэг сөхөгджээ. Тодруулбал, Ш.Батхүү “Хадгаламж” банкны хувьцаа эзэмшигч байхдаа иргэн Э.Сүрэн гэгчээс 32 сая ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх.
Ш.Батхүү “Хадгаламж” банкны хувьцаа эзэмшигч байхдаа иргэн Э.Сүрэн гэгчээс 32 сая ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх.
Гэвч тухайн зээлийн баталгааг Хадгаламж банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Бадамцэцэг, О.Хүрэлбаатар нар хуурамчаар үйлдсэнийг АТГ-аас тогтоожээ.
Угтаа банкны баталгаа гаргах тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас олгодог аж. Гэтэл дээрх баталгааг Хадгаламж банк Монгол банкны зөвшөөрөлгүйгээр гаргасан байна.
Харин энэ хуурамч баталгааг Э.Сүрэн ашиглан Төрийн банкнаас 32 сая гаруй ам.долларыг нэхэмжилжээ. Учир нь, Хадгаламж банкны тодорхой хөрөнгийг Төрийн банкинд тухайн үед шилжүүлсэн байдаг.
Тиймээс хамтран хариуцагч гэх нэрийдлээр дээрх мөнгийг Хадгаламж банкны баталгаагаар дамжуулан Төрийн банкнаас нэхэмжилжээ. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхээс 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр Төрийн банк иргэн Э.Сүрэнд нэхэмжилсэн мөнгийг төлөх ёстой гэх анхан шатны шийдвэрийг гаргасан байна.
Гэвч Э.Сүрэн нь Хадгаламж банкинд ийм хэмжээний хадгаламжтай байсан нь батлагдаагүй, тэрхүү зээлүүлсэн гэх мөнгөө Ш.Батхүүд ямар гэрээ хэлцлийн дагуу, ямар хэлбэрээр өгч байсан нь тодорхойгүй байдаг аж.
Ш.Батхүү сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсны дагуу би зээлүүлсэн. Зээлийн хүүндээ нийт 24 тэрбум төгрөг төлсөн боловч үндсэн зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй.
Э.Сүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний Хадгаламж банкинд хадгалуулж байсан 32 сая ам.долларыг Жаст группийн захирал Ш.Батхүү сарын 2.5 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсны дагуу би зээлүүлсэн. Зээлийн хүүндээ нийт 24 тэрбум төгрөг төлсөн боловч үндсэн зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс Төрийн банкныхан миний хохирлыг барагдуулж өгнө үү” хэмээсэн байна. Мөн Жаст группийн захирал асан Ш.Батхүү иргэн Э.Сүрэн гэгчээс дээрх мөнгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг аж. Гэвч дээрх баримтууд нь байдаггүй юм байна.
Ш.Батхүүд их хэмжээний мөнгө зээлүүлсэн гэх Э.Сүрэн нь 1984 онд төрсөн, Эдуард овогтой гэхээс өөр мэдээлэл байдаггүй гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Э.Сүрэнг “Алтжин” группийн захирал Г.Алтантай цусан төрлийн холбоотой гэх.
Хачирхалтай нь, анхан шатны шүүхийн шийдвэрийг Төрийн банкны тухайн үеийн удирдлагууд давж заалдаагүй гэх мэдээлэл байна.
Үргэлжлэл бий...