Олон улсад өрсөлдөхүйц Монгол инженерүүдийг эх орондоо бэлтгэж, өдгөө гурав дахь төгсөлтөө хийгээд буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Хэл, заах аргазүйн төвийн дарга Жон Никсонтой уулзаж ярилцлаа. Тус их сургууль нь Англи, Герман хэл эзэмшсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэх явцдаа тэтгэлэг, ХБНГУ-д сургалт, дадлага хийх өргөн боломжийг оюутнууддаа олгодог аж.

Таны хувьд Монголд хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ? Хэл, заах аргазүйн төвийн даргын хувьд энэ салбарын онцлогоос хуваалцахгүй юу?

Би Монголд 2017 оны наймдугаар сард анх ирсэн. Монголд гурван жил ажиллаж байна.Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Хэл, заах аргазүйн төв (http://gmit.edu.mn/) нь багш, ажилтнуудынхаа хэл, заах арга зүйн чадавхыг хөгжүүлэх зорилгоор сургууль дээрээ Англи, Герман, Монголхэлний сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Манай сургуулийн багш, ажилтан, оюутнуудын хувьд Англи хэлний өндөр мэдлэгтэй хэдий ч, сургалт, техникийн орчинд бичгийн хэлээ сайжруулах, илтгэл танилцуулга хийх зэрэг чадавхыг нь хөгжүүлэхийг зорьдог.

МГТИС дээр Англи болон Герман хэлний сургалт нь хэрхэн явагддаг талаар дэлгэрүүлэхгүй юу?

Бид цахим сургалтын материалыг танхимын хичээлтэй хослуулсан холимог аргаар сургалтаа явуулдаг. Түүнчлэн оюутан, багш, ажилтнууддаа хичээлээр сурч мэдсэн зүйлсээ бодит амьдрал дээр ашиглан хэрэгжүүлэх чадварыг суулгахын тулд хэсэг хэсгээр нь групп болгон хувааж, дадлагажуулдаг.

Мэдээж хэрэг (COVID-19) цар тахлаас болоод бид өнгөрсөн семестрийн бүх хичээлийг цахимаар явуулах шаардлагатай болсон. Гэхдээ цахим болон танхимын хичээлээр багш нараа сургаж байсан бидний туршлага гэнэтийн энэ шалгуурыг давахад маш их хэрэг болсон шүү. Юутай ч ирэх намрын семестрт бид танхимаар хичээлээ явуулна гэдэгт найдаж байна. Харин хөл хорионы хугацаанд явуулсан цахим хичээл маань ирээдүйд бидэнд сайн туршлага болон үлдэж байгаа нь сайшаалтай.

Ер нь бүх хичээлийг Англи хэл дээр явуулж байгаа нь маш том давуу тал болдог юм байна. Тэгэхээр танай оюутнууд төгсөхдөө хэлний мэдлэг нь ямар түвшинд хүрдэг, төгссөний дараа ямар боломжууд байдаг тухай манай уншигчдад сонирхуулахгүй юу?

МГТИС-д элсэгчдэд Англи хэлний C1 түвшний мэдлэг шаардлагатай. Энэ нь CEFR буюу Европын Холбооны Гадаад Хэлний Нийтлэг Стандартын дагуу хоёрдугаарт ордог түвшин юм. Өөрөөр хэлбэл, унаган хэлтний түвшинд дөхөхүйц хамгийн өндөр түвшин гэж хэлж болно (C2). Манай оюутнууд ийм өндөр шаардлагыг давж элсдэг учраас бид суралцах хугацаанд нь эрдэм шинжилгээний ажил бичих, илтгэл тавих, мэргэжлээрээ дадлага хийхэд нь шаардагдахуйц академик болон техникийн Англи хэл эзэмшүүлэхэд анхаардаг.

МГТИС-ийн төгсөгчид хоёр чухал давуу талыг эзэмшээд төгсөж байна. Нэгдүгээрт, ажил мэргэжлийн хүрээнд Англи болон Монгол хэлээр чөлөөтэй харилцах чадвартай болдог. Мөн хэрэв Герман хэл сонгон суралцаж байсан бол гуравдагч хэлний мэдлэгтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт, манай төгсөгчид нэмэлт шаардлагагүйгээр Европт магистрын зэргээ хамгаалах боломж нээлттэй.Ер нь гадаад хэлний мэдлэг аливаа тэтгэлэгт хамрагдахад хамгийн их нөлөө үзүүлдэг.

МГТИС-ийн оюутнууд ямар тэтгэлэгт хамрагдах боломж байдаг вэ? Ямар шалгуур тавигддаг бол?

МГТИС-ийн оюутнуудад олгодог хэд хэдэн тэтгэлэг бий. Үүнээс ХБНГУ-ын Засгийн газрын нэрэмжит Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэг хамгийн их анхаарал татдаг. Энэ тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөрийг төлөхийн зэрэгцээ сар бүр амьжиргааны зардал 600,000 төгрөгийг олгодог юм.

Мөн Монгол Улсын засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийг сайн үнэлгээтэй суралцахаас гадна олон нийтийн үйл ажиллагаанд оролцож ажилласан байдал, сургуульдаа оруулсан хувь нэмэр,клубууд дэх оролцоог нь харгалзан оюутнуудад олгодог.Ингэхдээ сургалтын төлбөрийн 100 болон 50 хувийг нь олгодог юм.Түүнчлэн Германд “Summer school”зуны сургалтад хамрагдах, нэг семестрийг манай хамтын ажиллагаатай Фрайбергийн Техникийн их сургуульд суралцах гэх мэтчилэн Германы Засгийн газраас зөвхөн МГТИС-ийн оюутнуудад олгодог тэтгэлгүүд бий.

Ер нь Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ын зүгээс оюутнуудад ямар боломжууд олгодог вэ?

Германы эрдмийн солилцооны алба (DAAD) нь Германд тэтгэлэгтэйгээр суралцах, судалгаа хийх талаар зөвлөгөө өгч ажилладаг. DAAD-ын вэб сайт дээрх (https://www.daad.de/en/) Германд суралцах боломж болон тэтгэлгийн талаарх мэдээллийн сангаас илүү их мэдээлэл авч болно. Мөн DAAD нь Монгол оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор Фэйсбүүк хуудас (https://www.facebook.com/daadlektorateindermongolei/) ажиллуулж байна.

2019-2020 оны хичээлийн жилд МГТИС-ийн 27 оюутан нэг жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг багтаасан Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгийг хүртсэн бол 24 оюутан Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд болжээ.

Бусад орны залуустай харьцуулахад монгол оюутнуудад хичээл заахад ямар санагдсанбэ? Тэдний сурах арга барилд ялгаа ажиглагдав уу?

Монгол оюутнууд их бүтээлч. Европ оюутнуудаас ажиглагддаггүй олон хандлагыг монгол оюутнуудаас харж болно. Тухайлбал, зарим монгол оюутан хичээл дээр илтгэл тавьж, аман шалгалт өгдөггүй. Сургалтын энэ арга барил Монголын Ерөнхий боловсролын сургуулиудад нийтлэг биш байдаг гэж сонссон. Тийм болохоор МГТИС-д дөнгөж элссэн оюутнуудын хувьд энэ арга барил нь шинэ зүйл юм. Хэдий тийм боловч төгсөгчид маань сургуулиа төгсөхдөө энэ чухал чадварыг эзэмшээд, ажил мэргэжилдээ чөлөөтэй ашиглах чадвартай болж төгсдөг.

Энэ жилийн хувьд МГТИС элсэгчдэдээ ямар шаардлага тавьж байгаа вэ? Танайд элсэхээр сонирхож буй сурагчид Англи хэлний ямар түвшинтэй байх хэрэгтэй вэ?

Манай бакалаврын хөтөлбөрт элсэхийн тулд сурагчидАнгли хэлний C1 түвшний (ахисан түвшин) мэдлэгтэйбайхёстой.Үүнийг Элсэлтийнерөнхий шалгалтын оноогоор дүгнэх, эсвэл ярилцлагаар шалгана.Гэхдээ энэ түвшинд ойрхон байгаа сурагчдын хувьд МГТИС-д элсэх боломжтой боловч англи хэлээ хурдан сайжруулахын тулд эхний семестрт Англи хэлний сургалтад нэлээд эрчимтэй хамрагдах шаардлагатай. Харин Англи хэлний B2 түвшний (ахисан дунд) сурагчдад МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжийг олгодог нэг жилийн Инженерийн бэлтгэл хөтөлбөрийг санал болгодог.

Эцэст нь, МГТИС-д суралцахаар сонирхож буй хүүхэд залуус юунд анхаарах хэрэгтэй талаар зөвлөхгүй юу.

Сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтандаа шамдаж, манай сургуулиас авах ярилцлагадбэлтгэххэрэгтэй. Гэхдээ энэ бүх шалгалт, ярилцлагад хэт их санаагаа чилээх хэрэггүй шүү. Хичээж чадвал хүссэн амжилтандаа хүрч чадна аа. МГТИС бол цөөн тооны, чадварлаг оюутнуудтай байж, тэднийгээ маш сайн дэмжиж ажилладаг сургууль. Хоёр улсын засгийн газрын хамтран байгуулсан энэ их сургуульд суралцсанаар оюутан суралцах хугацаандаа олон улсын түвшний аливаа байгууллагад ажиллахуйц, олон улсын Магистрын зэрэг эзэмшихүйц чадварт бэлтгэгдэн төгсөж байна.

Элсэхийг хүссэн сурагчид хэрхэн холбоо барих вэ?

МГТИС-ийн Элсэлтийн цахим бүртгэл яг одоо үргэлжилж байгаа учраас https://campus.gmit.mn/registration холбоосоор бүртгүүлж, манай 70232086, 70232090 утсаар холбогдож болно.